Модернизаци #2

(Өмнөх тэмдэглэлийн үргэлжлэл)

Бие халаалт

1. Өнгөрсөн сонгуулийн үеэр твиттер ажиглаж суутал нэг сэтгүүлч эмэгтэйн үг миний гайхшралыг төрүүлэв. Сонгуулийн үеэр телевизээр мэтгэлцээн зохион байгуулах гээд оролцох хүн олдоггүй гэв. Үнэхээр хачирхалтай байгаа биз. Улстөрд байгаа хүмүүст өөрийгөө бусдад харуулах, үзэл бодлоо илэрхийлэх үүн шиг сайхан боломж баймааргүй юм. Энд нэг асуулт өөрийн эрхгүй урган гарав. Манай сонгуулиудаар яагаад мэтгэлцээн болдоггүй юм бэ? Ерөнхийлөгчдийн сонгуулиар ганц, хоёр болж байсан боловч нэр төдий л юм болж өнгөрсөн. Улстөрд орохоор хэл нь татчихдаг баймааргүй л юм?


2. "Нүүдэл, суудал" гээд Монголын түүхийн ном бий. Уг ном дэлхийн 10 гаран оронд хэвлэгдэж, 14 орны хэл дээр номын шүүмж гарчээ. Гэтэл монгол хэл дээр л нэг ч шүүмж гарсангүй гэж зохиогч хэлэв. Түүх сонирхдог, судалдаг, түүхийн хичээл заадаг олон арав магадгүй зуугаар тоологдох хүмүүс хаачив? Нүүдэл, суудалаар тогтохгүй салбар болгонд олон номнууд гарч байгаа. Тэдгээр номнуудад шүүмж биччих хүн яагаад гардаггүй юм бэ? Яг шүүмж бичих гэхээр гар нь татчихаад байна уу?

3. Рокет бэйгийн нэг дуун дээр "Мэдсээр байхад хулгай хийгээд чи жоохон мангар уу" гэж гардаг. Бусад хип хоп болон рок, попын дуучдаа хэлж байгаа нь энэ. Нээрээ л мэдсээр байхад гадаадын дуучдын ая, үг, клипнээс нь хулгай хийгээд өөрийн юм шиг тавьчихдаг тохиолдол сүүлдээ бүр тоогоо алдсан. Нийтийн дуучид нь бол хулгай хийхгүй өмнө нь байсан хэн нэгэн алдартай дуучныг зүгээр л дуурайна. Өөрөө зохиох гэхээр залхуураад байдаг юм уу, чадал нь хүрдэггүй юм уу? 

Эхлэл

Надад нэг бахархал байдаг юм. Монголчууд бид эрдэм, мэдлэгийг дээдэлдэг ард түмэн. Үүнийг тайлбарлахын тулд хэдэн зүйр цэцэн үг, ардын сургаал хэлье. Нүүдэлчин хүн тээвэрлэх, хадгалах боломж багатай учраас аман зохиол, ертөнцийн гурав, зүйр цэцэн үгээр амьдралын сургамж, сургаалиа дамжуулж ирсэн гэхэд буруудахгүй байх. Тиймээс эдгээр үгнүүдээс олон зүйлийг харж болно.

"Эдээр биеэ чимэхээр
Эрдмээр биеэ чим"

"Эрхэм баян эрдэм
Дунд баян өнөр
Адаг баян адуу мал"

"Эрт босвол өдрийн ажилд тус
Эрдэм сурвал насны үйлд тус"

Эдгээр сургаалиудад эрдэм номыг дээдэлсэн олон зүйрлэл байгааг та харж байгаа байх. Хөгшин настай хүмүүс үр ачдаа байнга л эдгээр сургаалийг хэлж захина.  Эрдмийг дээдлэх нь орчин үед бол өөр ч хэлбэрүүдээр илэрнэ. Жишээ нь малчид бол хүүхдээ хотод сургуульд сургахын тулд хэдэн малаа зараад төлбөрийг нь төлөөд, араас нь бүх амжиргааных нь зардлыг өөрсдийнхөө идэж, уухаас танан байж явуулсаар сургуулийг нь төгсгөдөг. Бүр байгаа бүх малаа зараад ч хүүхдээ сургахад бэлэн хүмүүс байдаг (Тийм хүмүүс танина). Хотын хүмүүс бол хамаг хадгаламжаа шавхаад, байр саваа түрээслээд өөрсдөө гэр хороололд амьдарч байгаад ч хамаагүй хүүхдээ гадаадад сургахыг хичээдэг. Өөр оронд бол бүх хөрөнгөөрөө хүүхдээ сургуульд явуулах тийм хүмүүс гарах болов уу?

Өрнөл

Даанч энэ хандлага хэлбэр төдийхнөөр дуусчихдаг нь харамсалтай. Хотод сурахаар очсон олонхи нь диплом гэдэг нэртэй цаастай болохоо л бодно уу гэхээс юм сурах, түүнийгээ амьдралд хэрэгжүүлье гэж бодох нь юу л бол. Хичээлээ нэгнээсээ хуулж юм уу, халтуурдаж хийж, цаг нөхцөөж байгаад дипломаа авангуутаа арилаад өгнө. Харин гадаадад сурахаар явсан залуучуудынх нь тухайд бол арай өөр. Барууны орнууд өртөг өндөртэй болохоор Монголоос авч очсон хэдэн төгрөг нь юм болохгүй. Аргагүйн эрхэнд ажил хийнэ. Сүүлдээ ажилдаа улайрсаар зарим хүмүүсийнх сургууль тэгсхийгээд өнгөрдөг гэнэ лээ. Хэдэн жилийн дараа нутаг буцах болоход ямар дипломгүй буцалтай нь биш гээд хуурамч диплом гаргуулаад ирдэг хүмүүс ч бий. Англид бол диплом гаргуулах амархан байдаг гэж тэнд сурч байсан нэг залуу ярьж байсан. Аль эсвэл нутагтаа ирээд сургууль төгссөн гээд шууд худлаа ярина. Наад захын жишээ нь УИХ гишүүн байсан С.Ганбаатар байна. С.Ганбаатар англид хоёр дээд сургууль төгссөн гэж ярьж байсныг би баталж чадна (Бүүр хоёрын хоёр шүү. хэхэхэ). Сүүлийн үед Хятад руу олон оюутнууд сурдаг болсон. Тэдний зарим оюутнуудын яаж сурдаг тухай хөгжилтэй түүхийг олныг сонссон. Зарим сургуулиудад сурч байгаа Монгол оюутнууд зүгээр Монгол хэл дээр даалгавар, дипломоо бичээд дүнгээ авчихдаг гэсэн. Нөгөө багш нар нь Монголоор "А" ч гадарлахгүй байхад шүү дээ.

Энэ хандлагыг би хувьдаа гурван үндсэн шалтгаантай байх гэж хардаг.

Нэгт шарын шашны сургалтын арга барил нь мэдлэгийн биш хэлбэрийн төдий байдаг. Төвд хэл мэдэхгүй хүүхдэд нэг юм цээжлүүлээд л байна. Лам биш нэг нь лам дээр очоод нэг төвд ном уншуулчихна (Төвд хэл мэдэхгүй байж). Уншуулах нь чухал болохоос агуулга ямар ч хамаагүй. Гадуур нь гоё торго, даавуугаар ороож ороочихсон буддын шашны номнууд бий. Түүнийгээ толгойндоо хүргэхэд номоо бараг уншчихсантай дүйнэ. Зарим нэг хүмүүс манай төв номын санд алт, мөнгөөр хийсэн номнууд байгаа гэж гайхуулж байхыг харсан (жуумалзав).

Хоёрт хүн болгоны ярьдаг манай уламжлалт сургалтын системийн гажиг байна. Пифагорын теоромыг цээжээрээ мэддэг хэрнээ хүнтэй мэндэлж сураагүй байдаг гэж Х.Тэмүүжин багш хэлж байсан. Бас л хэлбэр давамгайлсан сургалт. Уламжлал, интеграл гээд бодлого бодоод байгаа онц сурлагатан хүүгээс наадахыг чинь юунд ашигладаг юм бэ гэвэл таг болчихно. Онц сураад, А аваад, энгэрээрээ дүүрэн медаль цуглуулаад байх нь л хамгийн чухал (Зарим хүүхдийн медаль нь энгэрт нь багтахгүй хөлд нь хүрчихсэн, газар шүргэж байх жишээтэй. кккк). 

Гуравт. Дээр дурьдсан хоёр шалтгаан бол өнгөц төдий зүйл юм. Нүүдэлчдийн хэлбэр хөөдөг, агуулгыг нь тоодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй зан бол мөсөн уулын далд нуугдаж буй хэсэг. Буддын шашин Монголд орж ирээд хэдэн зуунаар тоологдох хугацаа өнгөрчихөөд байхад хамгийн энгийн сургаалийг нь тоож харахгүй байгааг л хэлэх гээд байна л даа...

Үүнийг л "Модернизаци" хийх цаг нь болжээ. Модернизаци хийх гэж юу ойлгож болох вэ гэхээр "дээдэлдэг", "гайхуулдаг", "шүсэглэдэг", "итгэдэг" сэтгэлгээнээс тал бүрээс нь "боддог", "шүүмжилдэг", "аргумент дэвшүүлдэг" сэтгэлгээ рүү шилжих юм.

Бүр дэлгэрүүлбэл...

Багш бүхнийг мэдэгч тиймээс түүний үгнээс гарах ёсгүй, шүүмжлэх ёсгүй гэсэн хандлагаас багш бол бусадтай адилхан л нэг мэдээлэл түгээх гэж яваа хүн. Тиймээс алдах, онох, буруу мэдээлэл түгээх, алдаатай дүгнэлт, гаргалгаа гаргах магадлалтай тул багшийг үргэлж шүүмжлэх, санал нийлэхгүй байгаагаа шууд хэлэх;

Номыг хүндэлж, дээдэлж торгоор боож, бурханы авдар дээр тавих ёстой ариун нандин зүйл гэдэг хандлагаас ном бол зүгээр мэдээлэл агуулсан цаас, тэндээс хэрэгтэй мэдээллээ олж авахын тулд тэмдэглэл хөтлөж, дээр нь тодруулж, хэрэггүйг нь урж болдог хэрэгсэл төдийгөөр харах; (Буддын шашны номуудад ч энэ хамаатай.)..

Алдартай, олны танил, гадаадын мэргэжилтэн, нобелийн шагналтан хэлсэн ч бай гарцаагүй үнэн байх ёстой гэсэн хандлагаас тэд алдсан байж болно, буруу аргумент дэвшүүлсэн байж болно, яагаад өөрөөр байж болохгүй гэдэг нүдээр харах;

Төгсгөл

Энэ өөрчлөлт бол нэгдүгээрт өмнө нь бичсэнчлэн хувь хүний ухамсартай болон ухамсаргүй сонголтын асуудал. Хоёрдугаарт боловсролын системээр дамжуулж өөрчилж болно. Үнэндээ их зардал ч орохгүй. Жишээ нь манай "Auckland"-ийн их сургуулийн хичээлүүдийн даалгавар болгон нь дээрх шүүмжлэлт (критикал) сэтгэлгээг суулгахад чиглэгдсэн байдаг. Шүүмжлэлт эсээ л гэнэ, шүүмжлэлт уншилт гэнэ, номын шүүмж л гэнэ... Тухайлбал нэг хичээл дээр Нобелийн шагналт эдийн засагчийн Нобелийн шагнал авсан гол бүтээлийг уншаад түүнд шүүмж бичих байлаа. Эхэндээ би нобелийн шагнал авсан бүтээлийг хэн болчихоод шүүмжлэх гээд байдаг билээ гэж бодож байсан. Үнэхээр хэд хэд уншаад, харьцуулаад, бодоод ирэхээр шүүмжлэх санаанууд гардаг юм билээ.  Ерөөсөө л үүгээр дамжуулаад хүн болгоныг өөрөө бодоход бүр тодруулж хэлбэл "бие дааж" бодоход сургаад байх юм. Сайн, чанартай боловсролын системийн эцсийн зорилго нь оюутнуудыг "бие дааж бодох"-д сургадаг юм байна гэж би дүгнэсэн. Үүнийг л "либераль арт" боловсрол гэж нэрлэдэг байх магадлалтай.

Жич: Улстөрчдийн вэб сайт, блогуудаар зочлоод үзээрэй. Нээх сайхан инээсэн, дээл өмсөж, морь унасан зурагнаас өөр юм байхгүй. Улстөрчид бол ард түмний төлөөлөл (жижиг ард түмэн). Улс төрчид мэтгэлцэж чадахгүй байна гэдэг бол тэд "бодох"-гүй байна гэсэн үг. Юм боддог хүнд бол мэтгэлцээн шиг сайхан зүйл байдаггүй.  Нэгэнт толгой хоосон хүн (улстөрч) морь унах, морь уях, бөх барилддаг гэдгээс өөрөөр юугаа ч харуулах юм билээ, тиймээ?

No comments:

Post a Comment