Модернизаци #1

(Бодол, тэмдэглэл)

"Ар Монголд орчин үе үгүйлэгдэнэ." (2011)
С.Молор-Эрдэнэ

Колумбын судлаач Эскобар орчин үеийн хөгжлийг бүхэлд нь үгүй хийж, нураах хэрэгтэй гэж үзсэн бөгөөд тэрээр "Постдевелопмент" гэх чиглэлийг бий болгожээ. Мэдээж ганцаараа биш. Түүнийхээр орчин үеийн хөгжлийг бүхэлд нь нэг үгээр дүгнэж болох бөгөөд тэр үг нь "Модернизаци" аж. Өөрөөр хэлбэл хөгжиж байгаа орон бүхэн ямар нэг байдлаар орчин үежиж, бүр нарийндаа бол "баруунжиж" байгаа гэнэ. Үүнийг тэрээр тал талаас нь батлан харуулахыг оролдсон. Ер нь эрүүл мэнд, боловсролын салбараас эхлээд бүгд л баруунжиж, глобалчлагдаж байна гэж үздэг,  "Дэлхий нэг систем" (world system theory) гэх түгээмэл онол ч бий. Хөгжил бол модернизаци юм гэж үзэх нь зөвхөн Эскобарын хэлсэн үг биш л дээ. Яг энэ санааг дэмждэг "Модернизацийн онол" гэж бие даасан онол ч бас бий. Уг онол академик хүрээнд маш их шүүмжлэлд өртдөг боловч одоог хүртэл хэлэлцэгдсээр байна. 


Модернизаци гэдэг нь чухам юу гэсэн үг вэ гэхээр уламжлалт арга барил, зарим ёс заншил, соёлын элементүүдээс татгалзаж дэлхий нийтээрээ дэвшилтэт гэж үзэж буй арга барил, соёлыг өөриймшүүлэх гэж ойлгож болно. Ер нь ч хараад, нухацтай бодоод байхад зарим талаараа энэ бол хөгжлийн бас зайлшгүй хэсэг бололтой. Тиймээс ч блогтоо бичихээр шийдсэн юм. Ганц хоёр жишээ ярья. Олон Монгол залуучууд өнөөдөр Хятад улс хэрхэн хөгжиж байгааг, үгүй ядахдаа Эрээн хот хэрхэн хөгжиж байгааг сайшаан магтаж, дэргэд нь байгаа бид хөгжихгүй байна гэж гомдоллодог. Үүнтэй зэрэгцээд Монголчууд (залуучууд) ёс заншлаа мартаж, гээж байгаа тухай гомдоллоно. Жавхлангийн тухай энд яриад ч хэрэггүй биз. Би 2 сарын өмнө "Танайд хоноё" нэвтрүүлэг интернетээр үзсэн юм. Тэр нэвтрүүлэгт өмгөөлөгч О.Алтангэрэл гэдэг залуу орсон. УИХ-д нэр дэвшиж буй шинэ улстөрч. Хамгийн орчин үеийн гэх бүх зүйлээр гэрээ тохижуулсан, чинээлэг, сайхан айл. Гэрээ барууны маягаар бүрэн тохижуулсан, хүүхдээ Орос сургуульд сургаж байж барууны соёлыг нэвтрүүлмээргүй байна, Монголоороо үлдмээр байна гэж ярив (хэхэхэ). Энд зөрчилдөөн байгааг та харж байгаа байх. 

Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр нэг асуудал гарахад тал талаас нь барьж аваад тасчин хаяхад бэлэн олон зуун залуучууд байна. Үүнийг Мүүн гэх шашны хэргээр нэг хэсэг хүмүүсийг тал талаас нь байх суух газаргүй болтол нь бөмбөгдсөнөөр тайлбарлавал санал нэгдэх биз. Ер нь Монголчууд ялангуяа Улаанбаатарчууд бид маш их стресстэй байна.  Олон залуучууд энэ их стресснээс залхаад гадаадад гарч урт хугацаагаар амьдрахаар шийдэж буй гэсэн. Миний ажиглалтаар бол уг стрессний суурь шалтгаануудын нэг нь дээр дурьдсан уламжлалт, нүүдэлчин ёс заншил, орчин үеийн амьдрал хоёрын хооронд гарч буй зөрчил. Жишээ яръя.

Нэг. Хүмүүс өглөө эртлэн босоод (заримдаа унтаад өгнө) ажил руу яарна. Байрнаасаа гараад машинаа унах гэтэл дээр нь цай, сүү (сүүтэй цай) асгачихсан байдаг. Цайныхаа дээжийг өргөх бол нүүдэлчин амьдралаас урган гарсан ёс заншлуудын нэг. Би л хувьдаа энэ ёс заншилд дуртай. Харин өглөө босоход машин дээр минь сүүтэй цай асгачихсан байхад бол яав ч баярладаггүй. Учир нь сүүтэй цай шууд арчаад арилахгүй. Тиймээс угаалгын газар очно. Аль эсвэл нэг хэсэгтээ тэгээд халтардсан машинтай явна. Шилэн дээр асгасан цай заваараад урдах зам сайн харагдахгүй учраас осол ч хийхээр нөхцөл бий болдог. Өвөл бол энэ маш хүнд. Нэгэнт өглөө гарахдаа стрессдэж эхэлсэн хүн зам дээр заавал стрессдэнэ. Ажил дээрээ очоод улам стрессдэнэ. Стрессээ олон хүнд тараана. Жирийн нэг ёс заншил боловч эдийн засгийн болоод сэтгэл санааны хувьд маш хохиролтой зүйл болж хувирчээ.

Хоёр. Нүүдэлчин уламжлалт ёс заншлуудын нэг бол "гал" дээдлэх ёс. Ямар нэгэн баяр ёслол болоход идээнийхээ дээжийг галд хамгийн түрээнд, дараа нь тэнгэрт өргөдөг. Хөдөө өссөн учраас би үүнийг сайн мэднэ. Бас гадаа ч юм уу, хог дээр хаямааргүй зүйлүүдээ галд шатаадаг. Жишээ нь үр хүүхдийнхээ урагдсан хувцас хунарыг заавал шатаадаг уламжлал бий. Энэ уламжлалаа хадгалахын тулд гэр хороололд амьдарч буй хүмүүс хашаандаа гал асаагаад юмаа шатаагаад байхыг олонтаа харсан. Ийм их утаатай, бохирдолтой байхад арай ч ингэж болохгүй байлтай. Утаанаас болж ямар олон хүн эрүүл мэнд мөн эдийн засгаараа хохирч байгаа билээ?

Гурав. Д.Нацагдоржийн хуучин хүү өгүүллэгт ингэж гардаг. "Хуучин хүү тав хийтэл мориноосоо буун, тас хийтэл жолоогоо сойгоод тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нүүрнийхээ хөлсийг арчиж, нусаа хүр хийтэл нийгээд гэрт оров." Энд Д.Нацагдорж нүүдэлчин Монгол нус, шүлсээ хэрхэн хаядагийг гоё зураглаж харуулсан байдаг. Хэдийгээр үүнийг ганц нүүдэлчдийн ёс заншил гэж шууд хэлж болохгүй боловч бас л нэг сурсан, дадсан заншлуудын нэг. Хөдөө хээр бол нус, шүлсээ нээх бол ямар ч асуудал биш. Хотод бол шал өөр. Өвөл Улаанбаатарчууд нийтээрээ ханиад, томуунаас болж маш их бухимддаг. Нялх хүүхэдтэй хүн үүнийг сайн мэднэ. Хүүхэд өвдөх маш хэцүү. Дахин дахин өвдөөд, ханиад хүрээд байхаар өөрийн эрхгүй стрессддэг. Нус, шүлсээрээ дамжуулаад ханиадны вирусаа хаа саагүй цацаад байхаар яаж ч ханиадгүй байх билээ?

Хүмүүст Монголоороо үлдэх юмсан, ёс заншлаа хадгалах юмсан гэсэн сэтгэл байгааг би бүрэн ойлгож байна. Бас бусдаас дутахгүй хөгжчих юмсан, тайван сайхан хотод амьдрах юмсан гэсэн хүсэл бий. Энэ хоёрын дунд бий болж буй зөрчилдөөн бол хүмүүсийн ухамсартай бас ухамсаргүй сонголтоор л шийдэгдэх асуудал байх. Баабар Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт орохдоо ингэж ярьж байсан. Чи бүхчимдээд цонхоо онгойлгомоор байдаг. Гэтэл цонхоор давхар шумуул орж ирэх гээд байдаг. Бүхчимдээд суух уу, шумуултай цэвэр агаартай байх уу энэ бол чиний л сонголт гэж ярьж байсан. Улаанбаатарын Монголчуудад зоригтой хотжих (орчин үежих) аль эсвэл улам их "стрессдэх" гэсэн хоёрхон сонголт байна гэж надад бол харагдаад байгаа юм (Буцаж хөдөө явах сонголт үлдээгүй. Бэлчээрийн даац хэтэрсэн. ккк) Ер нь XXI зууны монголчууд XIII зууны үеийн Монголчуудтай адилхан байх албагүй. Хэрэв яг адилхан байвал бидний өвөг дээдэс гомдох байлгүй. 

(үргэжлэл бий...)

No comments:

Post a Comment