Монголчилсон нь #1

“Хүчтэй нь хүссэнээ хийнэ. Үлдсэн дээр нь сул нь зовно” гэсэн эртний грекийн үг бий. Энэ үг өнөөгийн манай гүйцэтгэх засаглалын дүр төрхийг илтгээд байх шиг.

Сэтгүүлчид “төрийн гурван өндөрлөг” гэж ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ийн дарга гурвыг ярих дуртай. Уг нь парламентийн засаглалтай оронд төрийн тэргүүн (head of state), засгийн тэргүүн (head of government) хоёр ялгаатай ойлголт. Төрийн тэргүүн гэдэг бол төр улс байгаагийн хувьд олон улсад төлөөлөх, дипломат ёсыг гүйцэтгэх, тухайн орны соёл, ёс заншлыг хамгаалах, ард түмний эв нэгдлийг хангах зэрэг үүрэгтэй институт байдаг бол засгийн тэргүүн нь гүйцэтгэх засаглалаа толгойлж, эдийн засаг, нийгмийн гол бодлогуудыг хэрэгжүүлэгч субьект (IDEA, 2014). Харин УИХ-ын дарга бол бие даасан институт биш бөгөөд парламентийн хуралдааныг удирдах зорилготой модератор юм. Гэтэл манайд энэ гурвын ялгаа зааг алдагдаад дээрх эртний грекийн үгний адилаар хэн хүчтэй нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх боллоо. Хуан Линзийн (1990) тодорхойлсноор ерөнхийлөгчийн засаглал нь “хоёр толгой”-той бол манай засаглалын “гурван толгойт” гэхэд буруудахгүй болжээ. 

Улстөрчидийг улс оронд тулгамдаж байгаа олон том асуудлуудыг шийднэ гэж сонгогчид найддаг. Бидэнд эдийн засгийн хямрал, өр зээл, ядуурал, ажилгүйдэл, авлига, агаарын бохирдол, усны бохирдол, замын түгжрэл гэх мэт мундахгүй олон асуудал бий. Эдгээр макро асуудлууд нь ихэвчлэн макро түвшний шийдэл, шийдвэр шаарддаг. Харамсалтай нь манай улстөрчид эдгээр асуудлуудыг шийдэх биш улам даамжруулж байгаа нь гүйцэтгэх засаглалын тодорхойгүй, зөрчилтэй, тогтворгүй, чадамжгүй байгаатай холбож ойлгохоос аргагүй. 

Гүйцэтгэх засаглалын тогтворгүй байдал

Уг нь үндсэн хуулинд зааснаар засгийн газрын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх ёстой. Гэтэл Үндсэн хууль батлагдсан 1992 оноос хойш 13 засгийн газар солигджээ. Засгийн газрын дундаж наслалт 19 сар байгаа нь бусад орнуудтай харьцуулахад маш бага тоо гэж судлаачид үздэг. Жишээлбэл Ц.Элбэгдоржийн засгийн газар 8 сар, Ж.Наранцацралтын засгийн газар 8 сар, С.Баярын засгийн газар 1 жил 11 сар насалсан байна. 1990 оноос хойш зөвхөн 2 засгийн газар л бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан. Энэ тогтворгүй байдал нь эдийн засагт, ялангуяа гадаад болон дотоод хөрөнгө оруулалтад шууд сөргөөр нөлөөлдөг. 

Улс орны эдийн засаг эрчимтэй хөгжих суурь нөхцлүүдийн нэг бол тогтвортой байдал гэдэг нь олон орны жишээн дээр харагддаг. Жишээлбэл Азийн бар орнуудын эрчимтэй өсөлтийнхээ 30 жилдээ Япон 12 удаа, Өмнөд Солонгос 5 удаа, Тайвань 4 удаа, Хятад 5 удаа гүйцэтгэх засгаа сольсон байдаг. Энэ үед ДНБ-ийн дундаж өсөлт нь Япон 9.3 хувь, Өмнөд солонгос 8%, Тайвань 6.8%, Хятад 10% байв. Зөвхөн азийн орнууд гэлтгүй ардчилал хөгжсөн барууны орнуудад ч гүйцэтгэх засаглал тогтвортой байдаг. Сонгодог парламентийн засаглалтай Англи гэхэд Жон Мэйжор 1990-1997 оны хооронд 7 жил, Тони Блэйр 1997-2007 оны хооронд 10 жил, Гордон Браун 3 жил, Дэвид Камерон 2010-2016 оны хооронд 6 жил тус тус Ерөнхий сайдаар ажилласан байдаг. Харин Германы хувьд Хельмут Коль 1982-1998 оны хооронд 16 жил, Герхард Шройдер 7 жил, Ангела Меркель 2005 оноос өнөөг хүртэл 10 гаруй жил тасралтгүй гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаж байна. 

Эндээс харахад манайд гүйцэтгэх засаглал тогтворгүй байгаа нь тодорхой харагдаж байгаа байх. Харвардын их сургуулийн профессор Тереза Абамайл өндөр бүтээмжтэй байхын үндсэн суурь нөхцөл нь тогтвортой байдал гэсэн байдаг.

Гүйцэтгэх засаглалын чадамж

Гүйцэтгэх засаглалын чадамж ерөнхий сайдын танхимаа бүрдүүлэх, чөлөөлөх боломж, нэгдсэн бодлого хэрэгжүүлэхтэй чадавхитай холбогддог. Нэгдсэн бодлого хэрэгжүүлэхийн тулд олонхи болсон намын удирдлага ерөнхий сайд байх ёстой гэсэн парламентийн засаглалтай орнуудын жишиг бий. 

1996-2000 оны хооронд УИХ-д Ардчилсан холбоо эвсэл олонхийн суудалтай байхдаа 4 засгийн газар сольсныхоо дараа намын дарга нь ерөнхий сайд байх ёстой юм байна гэсэн улстөрийн зөвшилцөлд хүрсэн байдаг. Гэтэл 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрыг унасны дараа намын дарга З.Энхболд Ерөнхий сайд болох ёстой байсан боловч болсонгүй. Харин тэрбээр УИХ-ийн даргын албан тушаалаас гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж эхэлсэн нь эрх мэдлээ хэрэгжүүлэнгээ хариуцлагаас зугтах сайхан арга байлаа. Удалгүй дараагийн сонгуульд олонхи болсон МАН-ын дарга М.Энхболд энэхүү бенчмаркийг нь ашиглав. 

Энэ нь өнгөн талдаа болохгүй зүйлгүй мэт харагдавч засаглалын чанарын үүднээс ихээхэн хортой үйлдэл юм. Намын удирдах зөвлөл дээр гаргасан шийдвэрийг намын дарга хэрэгжүүлэх үүрэгтэй. Харин Ерөнхий сайдад тийм үүрэг байхгүй. Эндээс том зөрчил үүсдэг. Жишээлбэл Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа 6 сайд огцруулах асуудал хөндөгдөхөд өөрөө огцруулахгүй гэж мэдэгдэж байсан боловч удалгүй намынхаа даргын шахалтад орж аргагүйн эрхэнд огцруулсан. Ийм нөхцөлд танхимын зарчмаар ажиллах боломжтой гэж үү?

Манай үндсэн хуулиар ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг томилох, чөлөөлөх эрхгүй. УИХ-д олонхи болсон намын фракцууд л Ерөнхий сайдад танхимынх нь гишүүдийг тулгана. Эцэст нь өөр өөр фракцийн эрх ашгийг тэнцвэртэй хангах гэж явсаар хамаг хүчээ тарамдаад дуусдаггийг олонтаа харлаа. Энд нэгдсэн бодлого хэрэгжүүлэх тухай яриад ч хэрэггүй биз. 

Гүйцэтгэх засаглалыг “Монголчилсон” нь

Өмнө нь дурдсанчлан УИХ-ийн дарга нь ч, Ерөнхийлөгч нь ч, Ерөнхий сайд нь ч бүгд гүйцэтгэх эрх мэдлийг хуваан хэрэгжүүлсээр нилээд хугацаа өнгөрлөө. Нэгэнт Ерөнхийлөгч бүх ард түмнээс мандатаа авдаг институт учир багагүй хүч, нөлөөтэй субъект. Тэгэхээр Монгол хагас ерөнхийлөгчийн засаглалтай орон уу гэх асуулт урган гардаг. Доктор Д.Чулуунжав гэх мэт зарим судлаачид холимог засаглалын хэлбэртэй гэж үздэг. Гэвч судлаачдын дийлэнх олонхи нь “холимог” буюу хагас ерөнхийлөгчийн гэх ангилалд орохгүй гэж үздэг болохыг Б.Чимид өөрийн номондоо дурьджээ. Франц гэх мэтийн холимог засаглалтай орнуудын жишээнээс харахад тодорхой. Тэдгээр орнуудад Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалд манайхаас илүү эрх мэдэлтэй. Жишээлбэл ерөнхийлөгч засгийн газрын бодлогын шинжтэй асуудлуудад оролцож, бүр хуралдааныг өөрөө даргалах гэх мэт эрх мэдэлтэй байдаг. Тэгэхээр Монгол бол сонгодог парламентын засаглалтай орон ч биш, ерөнхийлөгчийн засаглалтай орон ч биш, холимог засаглал ч биш, зүгээр “Монголчилсон засаглал”-тай орон юм. Ер нь Монголчууд бидний хамгийн том асуудал бол “монголчлох” гэж би боддог. 

Үндсэн хуулийн өөрчлөлт

Шийдэл бол үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг нь хэн бүхэнд тодорхой. 2016 оны сонгуулиар олонхи болсон Монгол Ардын намынхан дийлэнх олонхи болсон завшаанаа ашиглан үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар идэвхийлэн оров. Зөвлөлдөх ардчилал гэдэг шинэ концепц гаргаж хууль батлаадахав. Уг хуулийн гол санаа нь нийт иргэдээс хэдэн хүн санамсаргүй түүврээр сонгож саналыг нь аваад үндсэн хуулийг өөрчлөх. Ингэхдээ мэргэжлийн судлаач, мэдээлэлтэй иргэдийн үгийг сонсохгүй байх зорилготой нь хуулийн төслөө нууцалж буй байдлаас харагдана. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ийм маягаар хийвэл дахиад л олон жил асуудал үүсгэсээр байх болно.Маш энгийнээр хэлэхэд үндсэн хуулийн бол нийгмийн гэрээ учир бүх нийтийн зөвшилцөл үүссэн тохиолдолд л өөрчлөлтийг хийх ёстой болохоос “зөвлөлдөх ардчилал” гэх нэртэйгээр ширээн доорхи өөрчлөлт хийж хэрхэвч болохгүй.

Үндсэн хууль судлаач О.Мөнхсайхан саяхан Улаанбаатарын эдийн засгийн клубт энэ талаар лекц уншсан. Түүний хэлснээр Монгол Ардын Нам Тайваны үндсэн хуулийн санаа болох засаглалын таван салаа мөчир бүхий хувилбарыг Монголд нэвтрүүлэх гэж зүтгүүлж байна. Энэ загварыг Тайванаас өөр ямар ч ардчилсан орон хэрэгжүүлээгүй гэнэ. Байгалийн баялаг дээр тогтсон эдийн засагтай манайх шиг оронд засаглалын асуудлаа хамгийн түрүүнд шийдвэрлэхгүй бол маш ноцтой хямралд хүргэх магадлалтай. Гэхдээ шийдвэрлэх гэж байгаа нь гээд дарангуй дэглэмтэй аль нэг орны үндсэн хуулиас хуулах аль эсвэл “монголчилсон” байдлаар шийдэх гэж оролдсоор байвал ардчилал хөгжсөн орнуудын 200 гаруй жил туршсан бүх алдааг дахин дахин давтаж, унасан нүх болгонд унах унасаар байх болно. 

Үргэлжлэл бий.

No comments:

Post a Comment