Булчинлаг ерөнхийлөгч ба массын түрэлт

Их британы Метро сонины сайт Монгол Улсын шинэ ерөнхийлөгчийг дэлхийн хамгийн булчинлаг ерөнхийлөгч гэж онцолжээ. Ингэхэд бид яагаад хамгийн булчинлаг ерөнхийлөгчтэй болчихов оо? Энэ лав тохиолдол биш гэж би хувьдаа харж байна. Бага зэрэг анализ хийснээ сонирхуулъя.

Олон улсын түвшинд юу болов?!

Донал Трамп гэх эр АНУ-ын ерөнхийлөгч болсон нь дэлхий ертөнцийг зочроосон үйл явдал болов. Трампийг хэн болох тухай үл өгүүлэн яагаад ерөнхийлөгч болов гэдэг дээр хэдэн үг хэлье. Ер нь эдийн засгийн хямрал, цагаачдын хямрал гэх мэт олон хямралуудаас Америкийн нийгэм залхсантай холбоотой болов уу. Өмнөх ерөнхийлөгчид бүгд л боловсролтой, бас "politically correct" нөхдүүд байсан. Харин Трамп бол эсрэг нөхөр, эсэргүү нэгэн. Трампын гол уриа нь "Америкийг дахиад хамгийн аугаа гүрэн болгоё" гэх утгатай байсан ба энэ нь товчхондоо үндсэрхэг үзэл, эдийн засгийн тухайд бол протекцианист бодлого хэрэгжүүлнэ гэсэн үг байлаа. Үүнийг нь ч Америкчуудын дийлэнх дэмжсэн. XX зууныг Америкийн зуун байсан гэж бараг хүн болгон хүлээн зөвшөөрдөг. Харин Трамп XIX зууныг бас Америкийн зуун болгох юм гэнэ. 


Америкт Трамп гарахаас өмнө Орост Путин удаж байлаа. Путин олон талаараа амжилт үзүүлж байгааг Америкийн нийгэм ойлгож байсан байх. Өнөөгийн Америкчууд бол хүйтэн дайны үеийн Америк биш. Путин бас л үндсэрхэг нэгэн. Путины бий болгосон имиж маш олон хүнд таалагддаг. Фрэнсис Фукуяамагийн хэлж байгаагаар Орос хэлбэр төдий ардчилалтай. Гэхдээ жинхэнэ утгаараа ардчилсан сонгууль болсон ч Путин эргэлзээгүй ерөнхийлөгч болох гэнэ. Тэр бол ОХУ-ийг "ЗХУ"-ийн хэмжээнд авчрах хүсэлтэй нэгэн. 

Туркэд Эрдагон гэх нэг чанга гар гарч ирсэн. Эрдагоны АK нам нь консерватив исламуудын нам. Туркийн Ерөнхий сайдаар 11 жил ажилласны эцэст ерөнхийлөгч болов. Тэрээр өөрийнх нь эсрэг дугарсан нэгнийг үл тэвчинэ. BBC (2017)-ийн мэдээллэж байгаагаар тэр 50 мянга орчим хүнийг ямар нэгэн байдлаар дуугүй болгож чадсан гэнэ. Үндсэрхэг үзэлтэй шүлэг уншныхаа төлөө хоригдож байсан нэгэн. Товчхондоо "Оттомын эзэнт" гүрнийг дахин бий болгох зорилготой бас үндсэрхэг нэгэн. 

Унгарт Орбан гаарлаа. Түүнийхээр либерал ардчилал өөрийн гэсэн цагтай байсан бол одоо үе нь өнгөрсөн. Ангела Меркелийн нэгдмэл Европын холбоог бий болгох гэсэн оролдлогыг хатуу шүүмжилж, нээлттэй нийгмийн үзэл санааг сурталчилж буй нөхдүүдийг нухчин дарах оролдлогуудыг хийж эхэлсэн. Жорж Соросын сан, Төв европын их сургуулийг хаана гэв. Плюрализмыг тэвчихгүй байна гэдэг сонгодог дарангуйлагч болохын яах аргагүй эхлэл.

Мөн Филиппинд Дутерте гэх чанга гар гарлаа. Бас л эх оронч, үндэснний үзэлтэй нэгэн. Түүний хувьд эх орноо цэвэрлэх ажил нь хар тамхины наймааны эсрэг хүчтэй тэмцлээр эхэлсэн. Олон улсын хэвлэлүүд удаа дараа мэдээлснээс харахад маш олон хүний аминд хүрсэн бололтой. Үүнээс гадна тэр барууны орнуудын эсрэг хүчтэй дугарч эхлэв. Түүнд "political correctness" буюу улс төрийн зөв хэлээр ярих нь чухал биш. Юу хүссэнээ л хэлнэ, юу хүссэнээ л хийнэ. 

Трамп ч, Путин ч, Эрдагон, Орбан ч, Дутерте ч улстөрчийн хувьд ард иргэдийн дунд рэйтинг маш өндөр. Дутерте жишээлбэл түүхэндээ байгаагүй нэр хүндтэй ерөнхийлөгч гэж мэдээллийн сайтуудад бичсэн байхыг уншсан. Тэдэнд мэдлэг, боловсрол үгүй. Хамгийн гол нь л тэдэнд популизм хийх чадвар бий. Гол зэвсэг нь үндсэрхэг үзэл. Тэгэхээр Монгол бол яах аргагүй дэлхийн нэг хэсэг юм байна. Ноён Ерөнхийлөгч маань дээрх эрхмүүдтэй тун төстэй байгаа биз?

Бурхны ивээлээр бид парламентын засаглалтай орон юм даа.

Улс орны түвшинд юу болов?!

Испанийн философич Хоссэ Ортэга и Гассэтийн "Массын түрэлт" (The Revolt of Mass) гэх 1930 онд хэвлэгдсэн бүтээл бий. Гассэт уг номондоо масс гэж юу болох, түүний гарал үүсэл, массаас "хүч" хэрхэн бий болж нийгэмд нөлөөлдөг гэдгийг бичсэн байдаг. Түүнийхээр "масс-хүн" бол заавал нэг анги давхаргад хамрах ойлголт биш, боловсролтой гэгдэх хүмүүс дунд хүртэл масс-хүн маш олон. Гассетийн шүүмжилснээр барууны соёл хамгийн доод түвшнийхээ нэгж рүү уусчихсан хэрэг. Тэрбээр номондоо: "Шударгаар хэлэхэд хувь хүнийг массын хэлбэрт орохоос өмнө нь тодорхойлж болно... Масс-хүн бол сайн, муу ямар ч үнэт зүйлгүй нэгэн бөгөөд өөрийгөө зүгээр л бусдын нэг л гэж хардаг. Харамсалтай нь тэд үүнийгээ ч мэдэхгүй" (Нүүр 15).

Гассетийнхаар масс мэдлэгтэй, мэргэжлийн хүний үгийг үл тооно. Харин өвчтэй эрүүл нь мэдэгдэхгүй төвчигнөх дуртай нэгнийг үгийг бол яг л хууль мэт дагана. Гассет мэдээж өнөөгийн нийгмийг бичээгүй боловч түүний тайлбар өнөө үед бүрэн тохирно. Үүнийг уншиж буй та "дурын n" вэбсайт руу ороод сэтгэгдэлийг нь хараад үз, аль эсвэл сонгуулийн үеэр сошиал медиад өрнөж байсан мэтгэлцээнүүдийг эргээд нэг хардаа. Тэнд юу байна вэ? Нэг нь "Монгол ялна" гээд төвчигнөнө. Эсрэг дуугарсан бүхнийг Монголыг эсрэг, тагнуул, эрлийз, хурлийз гэж үсчинэ. Хөөрөл, хорсол, асар их эмоци. Зүгээр л Х.Баттулгыг биш юмаа гэхэд түүний сонгуулийн багт байсан хүмүүсийг эргээд нэг боддоо. Тэдэнд мэдлэг боловсрол гэж байна уу? Ядаж бичиг үсэг тайлагдсан уу?

Хэдийгээр ардчиллын сул тал бол популизм мөн боловч бүр жинхэнэ утгаараа "масс-хүн" гарч ирэх маш том нөхцлийг бий болгосон зүйл бол өнөөгийн сошиал медиа. Трампыг ч сошиал медиа гаргаж ирсэн. Трамп өөрийнхөө твиттерт мангар мангар юм бичнэ. Тэрэнд нь хүмүүс хичнээн дуртай гээч. Тэр улам л тэнэгрэнэ. Масст улам л таалагдана. Энэ бол зүй тогтол. Би хувьдаа сошиал медиа байгаагүй бол Женко гарахгүй байсан гэдэгт бүрэн итгэлтэй байна. Гярхай Женко олон жилийн өмнө сошиал медиа дээр ажиллаж эхэлсэн. Босоорой, босоорой болжморууд аа.

Намын түвшинд (АН) юу болов?!
Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нийт гишүүдээсээ намын даргаа, мөн ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ тодруулав. Ардчилсан нам өөрсдийгөө 180 мянга гаруй гишүүнтэй том нам гэж дөвийлгөх дуртай боловч үнэн чанартаа 18 мянган гишүүнтэй нам юм байна гэдэг нь сунгаанаас харагдав. Хэдхэн төгрөгний татвар төлөөд сунгаандаа орж чадахгүй бусдыг нь намын гишүүн гэж тооцох шаардлагагүй. Сэтгүүлч Д.Батбаярын бичсэн "Сунгаа: Дог шоу" нийтлэлээс уг сунгааны талаар дэлгэрэнгүй уншаарай. Үндсэндээ 18 мянган гишүүнээ өөр өөрсдийн танил талын сүлжээгээр дамжуулж "багц" бий болгоод "таваг хоол, тал шил архи, таван төгрөг"(Д.Батбаярын нийтлэлээс энэ гурван холбоо үгийг авав)-өөр саналыг нь худалдаад авчихав. Намын дарга болсон С.Эрдэнэ ч тэр, Ерөнхийлөгчийн сунгаанд ялсан Х.Баттулга ч иймэрхүү ажлыг хийхдээ хэнээс ч гаргууд. 

С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрын нэг онцлог нь дан ганц пракц бүлэг гээд зогсохгүй түүний ард байрлах "бага оврын арми" бий болгож чадсанд оршино. С.Эрдэнийн армийг "Баянголын арми", Х.Баттулгынхыг "Ардчилсан холбооны арми" гэж нэрлэнэ. Арми бий болгож чадсаны нууц нь тэдний тэжээх чадварт оршино. Ямартай ч армиа хоолны шавхруугаар тэжээхээ хэзээ ч үл мартана. Тэжээлгэж байгаа нэгнийх нь ходоод нь хоосон учраас уг хоолыг хаанаас олж ирснийг нь харин үл тооно. Ингээд харахаар С.Эрдэнэ ч, Х.Баттулга ч зүгээр л шилийн сайн эрс. Аюгүй бол шинийн нэгний өглөө "Шилийн богд" дээр гардаг даа тэд. Мэдэхгүй нэгэнд шилийн сайн эрсийн тухай ярьж өгье. Товчхондоо тэд хулгай хийнэ. Хийсэн хулгайнаасаа хүмүүст амсуулна. Шилийн сайн эрсдээ хүмүүс ч хайртай гэж жигтэйхэн. Удахгүй тэдний хөшөө босох биз. Яг л Тоорой бандийн хөшөө Цагаан ууланд боссон шиг.

Нөгөө талаасаа ардчилсан намын боловсролтой, мэдлэгтэй хэсэг нь өөрсдийнхөө "эго"-ны араас гарч чадсангүй. Тэдний өөрсдийн имиджээ алдчихгүй гэсэн, өөрсдийгөө дөвийлгөж үлдэх гэсэн бодол нь савнаас нь гаргасангүй. Саяхан би "Intelligence Squared" гэдэг нэртэй мэтгэлцээний нэвтрүүлэг үзсэн юм. Тэр нэвтрүүлгээр "Трамп ерөнхийлөгч болсонд элитүүд буруутай" гэсэн сэдвээр мэтгэлцэж байв. Миний бодлоор Х.Баттулга ерөнхийлөгч болсонд элитүүд буруутай, тэр тусмаа ардчилсан намын элитүүд хамгийн түрүүнд буруутай. 

Сонгогчдын түвшинд юу болов!?

Миний хувийн ажиглалтаар бол 90-ээд оноос өнөөдрийг хүртэл онцын өөрчлөгдөөгүй "соёл" бол хэнийг элит гэх вэ ойлголт. Манай сонгогчдын элитийн хэмжүүр бол хуучны "ноён-элит" ойлголтоос салаагүй. За бүгдээрээ харцгаая л даа. Ой санамжинд чинь байвал болж өнгөрсөн сонгуулиуд руу хамтдаа эргээд очъё.

Сонгуульд нэр дэвшиж байгаа нэгэн эхлээд өөрийн гэрээ "Танайд хоноё" нэвтрүүлгээр харуулна. Энэ нэвтрүүлгээр баян, мөнгөтэй шүү гэдгээ харуулах зорилготой. Уг нэвтрүүлэгт орсон нэгэн "Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэж хэлэх дуртай. Учир нь гэртээ гоё гоё үнэтэй тавилга аваад тавьчихсаныгаа гэрээ зассан гэж ойлгоно. За тэгээд сонгуульд дэвшиж буй нөхөр маань орон нутгаар явна. Аварга том хөөрөг, 21 инчийн бүс, ягаан, ногоон дээл, бараа бологсод (бие төлөөлөгчид)-ийн хамт морилно. Тэд хурдны морь уяна. Бас өөрсдийн бөхтэй гэдгийг мартаж болохгүй. За тэгээд мэдээж "ноён" үнэтэй машинаас буух ёстой. Буухдаа гэдсээ арай ядан өргөж бууна. Мэдээж аахилна. За энэ бүх нөхцөл бүрдсний дараа найр наадам чухал. Тиймээс одоо дивтаат болчихсон болон ирээдүйн горилогсод аймаг, сум, дүүргийн ой тэмдэглэх тун ч дуртай. 

Энэ зураглал нэг л буухгүй байвал хуучны хаад, ноёдтой кинонууд үз. Дараа нь хөдөөний айлуудаар яваад үзээрэй. Хөдөөний айлын авдар дээр жаазтай зурагнууд бий. Тэнд Ноёдын маань морь унасан, дээл өмссөн зурагнууд бас өлгөөстэй. Нэг хэсэг Н.Энхбаярын гоё зураг их түгээмэл байдаг байж билээ. Бараг л хаан мэт хувцасласнаас харахад тэр бол улс орны хэмжээний "ноён" болох нь бэлхнээ харагдана. Бөөн мөнгөн тоноглол болсон эмээл, хазаар, шар өнгийн гялалзсан торгоор хийсэн дээл, дээр нь Чингис хаан л өмсөж байсан гэмээр том малгай өмсчээ. Харин саяхан сонгогдсон ерөнхийлөгч маань шар биш, хар эрээн дээлтэй, монгол бөхөөс гадна сумочтой явсан нь арай шинэлэг байж чадлаа.

Өө нээрээ гол юмаа мартчихаж. Тэр гэдсэндээ нэг том толгойтой биш зургаан жижиг толгойтой нь хамгийн том дэвшил байлаа. Бүр дэлхийн хэмжээний дэвшил юм шүү.