МОНГОЛЫН НАМЫН СИСТЕМИЙН ИНСТҮҮЧЛЭЛ

                                                                                                                        Судалгааны тайлан

Монгол Улс хоёр том авторитар дэглэмтэй улсуудын голд ардчилсан дэглэмд амжилттай шилжиж чадсан нь онцгой тохиолдол юм. Энэхүү шилжилтийг амжилттай явуулахад улс төрийн намууд чухал үүрэг гүйцэтгэснийг монголын ардчиллын талаарх судалгаа шинжилгээнүүдэд онцолсоор ирсэн. Зөвхөн монгол ч биш шинээр ардчилалд шилжсэн Латин Америк, Ази төдийгүй дэлхий даяар энэхүү шилжилтийг хийхэд улс төрийн намууд чухал үүрэгтэй оролцжээ. Монгол улс Ардчиллын индексээр 6.5 оноогоор 62 дугаар байрыг эзэлж байна (Economic Intelligence Unit, 2020). Улс төрийн нам хэмээх инстүүц ардчилсан улс төрд хамгийн гол тоглогч юм. Үүнийг судлаач Шатшнайдер (1942) ‘Улс төрийн намууд орчин үеийн ардчиллыг бий болгосон. Иймд орчин цагийн ардчиллыг намуудгүйгээр төсөөлөшгүй’ гэж хэлсэн байдаг. Ардчилсан оронд төрийн эрх мэдэлд хүрэх замаар аливаа улс төр, эдийн засаг, нийгмийн бодлого хэрэгжүүлэх гол суваг нь улс төрийн намууд байдаг. Энэ утгаараа Монгол Улсад цаашид ардчилал тогтвортой төлөвших эсэх нь намын системийн тогтвортой байдлаас ихээхэн хамаарч байна. 

Намын системийн инстүүчлэл нь эрүүл ардчилал төлөвших нэг гол нөхцөл болдог. Монгол Улс ардчилсан тогтолцоонд амжилттай шилжихэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн хүчин зүйлүүдийн тоонд улс төрийн намууд зүй ёсоор тооцогддог. Түүнчлэн намууд ардчиллыг нураахад ч голлох үүрэгтэй байж болохыг судлаачид тэмдэглэж байна. Ялангуяа экстрим, популист улс төрийн намууд ардчиллын инстүүцүүдийг нураах, ухраах хүчин зүйл ч болж чаддаг гэдгийг манайхтай цуг шилжилт хийсэн Унгарын жишээ харуулсан. Дэлхийд намын системийн инстүүчлэлийн талаарх судалгаанууд олноор гарч, ойлголт, агуулга төдийгүй хэмжигдэхүүнүүдийн хувьд ч улам боловсронгуй болж, хөгжсөөр байна. Тэр дундаа шинээр ардчилалд шилжсэн орнууд дахь намын системийн тогтвортой байдлыг хэмжих зорилготой судалгаанууд олон гарсан. 

1995 онд Скотт Мейнвэринг, Тимоти Скалли нар “Ардчилсан инстүүцүүдийг байгуулах нь: Латин Америк дахь намын системүүд” нэртэй бүтээлдээ намын системийн инстүүчлэл хэмээх ойлголтыг анх танилцуулж, Латин Америкийн 12 орны намын системийг шинжилж үзсэн байдаг. Үүнээс хойш шинээр ардчилалд шилжсэн орнууд тэр дундаа хуучин коммунист орнууд дахь намын системийн инстүүчлэлийг шинжилсэн олон төрлийн судалгаа хийгджээ. Энэ дотроос Аурель Круасонт, Филлип Волкел нар 2010 онд Зүүн ба Зүүн Өмнөд Азийн ардчилсан орнууд дахь намын системийн инстүүчлэлийг харьцуулан шинжлэхдээ монголын жишээг анх удаагаа багтаасан юм. Бид энэхүү судалгаанд монгол дахь намын системийн инстүүчлэлийг олон намын тогтолцоонд шилжсэн үе буюу 1990 оноос хойших УИХ-ын ээлжит сонгуулиудаар үечлэн авч үзлээ. Эхний хэсэгт намын систем, намын системийн инстүүчлэлийн талаарх ойлголт ба түүний хэмжигдэхүүнүүдийг тайлбарлана. Харин хоёрдугаар хэсэгт Монгол дахь намын системийн үүсэл хөгжил ба намын системийн инстүүчлэлийг хэмжсэнээ танилцуулна.

Судалгааны тайланг татах

No comments:

Post a Comment