Хайбрид дэглэмээс авторитари дэглэм рүү

Монголд авторитари/ардчилсан гэсэн хайбрид дэглэм 2017 оноос тогтжээ.
 
Энэ юу гэсэн үг вэ гэвэл МАН нийгмийн бүх талбарыг эзэлж эхэлсэн гэсэн үг. Бүх талбар гэдэгт бизнес, хэвлэл мэдээлэл, шинжлэх ухаан, боловсрол, иргэний нийгэм, нийгмийн сүлжээ орно.
Ингэж эзэлснээ олон түмнээс нууж байсан боловч саяны нэр нэвшилтээр гэрэл цохиулчихлаа. МАН нь жагсаалтад орсон зарим нэгээс нь дурдвал:
 
- Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин
- Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат
- Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл
- МУИС-ын дэд захирал асан Ч.Лодойравсал
 
- Хэвлэл мэдээллийг бүхэлд нь МАН эзэмшиж, өөрийнхөөрөө чиглүүлж байгаа нь Ерөнхий сайд нэг нэвтрүүлэг хийгээд 15-20 сувгаар зэрэг цацаж байгаагаар батлагдана. Олонд танигдсан сэтгүүлчид зөвхөн МАН-д үйлчилж байна. Сэтгүүлч Заригийн Өнөрөө, Монгол комментын Батбилэг, Ярилцлагын Ганчимэг гэх мэт. Жич: Өнөрөөг дүүжилж үзүүлж байгаа нь бид та нарын эзэн шүү гэдгээ сануулж байгаа юм.Ер нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш сэтгүүлчдэд бараг нэг ч ярилцлага өгсөнгүй. Зөвхөн сайтар бэлтгэсэн пропаганда нэвтрүүлгүүд л цацаж байна. Энэ нь түүнийг хэн бэ, ямар санаа зорилготой байгааг бүрэн илтгэнэ.

- Нийгмийн сүлжээ ба нөлөөлөгчид - Энд тэд олон зуун троллын армитай. Миний мэдэхээр троллын армийг нь алдартай ПР-чид удирдаж чиглүүлж байна. Твиттер буюу Х-д олон дагагчидтай жиргээчдийг тэд аль хэдийн эгнээндээ нэгтгэсэн. Мөн нийгмийн сүлжээнд нөлөөллөгчдийг худалдаж авсан ба тэд эхнээсээ ил болсон. Энэ хүмүүсийн ханш 300-500 сая төгрөгт хүрсэн.

- Нийгмийн сүлжээнд бус нийгэмд нөлөөлөгч эрхэмүүд ч тэдний эгнээнд нэгдсэн. Нийтлэлч Баабар, Цэнддоо нар ч Л.Оюун-Эрдэнийн Эрээн хот хүрэх вагонд суужээ.
 
- МАН хандив өгсөн, өгдөг бизнесүүд нь яваад бусад нь явахаа байсан учир томоохон бизнесүүд нь бууж өгчээ. АН-д хандив өгөх магадлалтай зарим бизнесүүдийг ч хорьж цагдаж үзүүлэв.

- МАН нь бусад намуудаа ч залгиж, зажилж байна. МАХН-ыг аль хэдийн идээд баагаад гаргачихсан. АН, ХҮН нарыг зажлаад сууж байна. Хэн хэн нэр дэвшихийг, яаж дэвшихийг шийдэж байгаа нь нууц биш.
 
Үндсэндээ: Ингээд МАН сүүлийн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдээр дамжуулаад хайбрид дэглэмээс рүү авторитари дэглэм рүү шилжих бүх нөхцөлөө хангачихсан байна. Учир нь Ерөнхий сайд/намын дарга нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг бүрэн атгаж, мөн ШЕЗ-өөр дамжуулаад шүүхэд, Үндсэн хуулийн цэцэд нөлөөлж болохоор болсон. Өөрөөр хэлбэл нөгөө хяналт/тэнцэлт гээч торох юм бараг үгүй болсон гэсэн үг. Энд "бараг" гэсний учир нь шүүх нь арай ч түүний гарт орж ирээгүй. Тийм учраас ЕС маань шүүх болохгүй байна гонгиноод байгаа юм.
 
Надад гурван асуулт байна.

1) Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд гар бие оролцсон судлаачид юу бодож суудаг бол? Эсвэл хувь хувьдаа таарсан шагналаа авчихсан болохоор Монголын ардчилал хамаагүй юу?
 
2) Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө Монголын Ли Кван Ю болно гэж боддог. Гэхдээ тэр Ли Кван Ю биш Ким Жон Ун л болох байх. Учир нь түүнд Монголын эдийн засгийг босгох Ли Кван Югийн мэдлэг, чадвар байхгүй. Түүний ганцхан чадах зүйл нь Монголчуудыг ховоор хооллох. Ховоор хэр удаан хооллох вэ? Монголчууд хэзээ тэсрэх вэ?

3) Л.Оюун-Эрдэнийн үлгэрт үнэнээсээ автсан хэсэг бүлэг хүмүүс байх шиг. Тэр нь Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэж байна гэх үлгэр. Гэтэл хамгийн том авлигач, хулгайч Сү.Батболд гэх мэт хажууд нь байхад ч тэдний талаар яагаад "А" гэж дуугарахгүй байгаа юм бэ?
 
Жич: МАН жагсаалтыг хараад дараа нь АН-ын жагсаалтыг харвал энэ сонгуулийг хэн нь хаанаас санхүүжүүлэх харагдана. АН олигархуудаас санхүүжиж, МАН нь төсөв/төрийн өмчит аж ахуй нэгжээс санхүүжнэ. Тиймээс МАН-ын жагсаалтад зарим эрдэмтэн судлаачдыг оруулахад асуудал байсангүй. Харин АН-д Х.Номингэрэл мэт технократуудад орон зай олдсонгүй.
 
Жичийн жич: 2024 оны сонгуулиар шинээр сонгогдох, тэр дундаа жагсаалтаар сонгогдох хүмүүсийг өрөвдөж байна. Тэд ард түмнээр хараалгах хувь тавилантай боловч ямар ч эрх мэдэлгүй кнопчин болох гэж байгаагаа мэдэж буй болов уу? Тэд бүр үгээ ч хэлэх эрхгүй гээд бод.