Миний анхны ном хэвлэлтээс гарлаа. Уг номыг танилцуулах үүднээс номын өмнөх үгийг та бүхэнд сонирхуулж байна.
ОРШИЛ БУЮУ НОМ БИЧИХ БОЛСОН ШАЛТГААН
Үнэндээ энэ ном миний олон жилийн бодол, мөрөөдлийн биелэл. Мөн багагүй хугацааг уншиж, бичиж, бодож өнгөрөөсний үр дүн билээ. Ном унших дадал маань намайг үргэлж бодоход, бас бичихэд хөтөлдөг. Өнгөрснөө эргээд бодоход ном хэмээх ертөнцөд дурлахад нөлөөлсөн гурван үйл явдал болжээ.
Одоогоос 27, 28 жилийн өмнөх явдлыг сөхөе. Тухайн үед манайх сумын төвд гэрт амьдардаг байлаа. Манайх гэрийнхээ яг ард талд том хүрэн амбаартай. Манай нутагт амбаарыг пин гэж дуудна. Тэр амбаарыг аав маань өөрөө гардаж хийсэн юм. Гэрт амьдардаг, тэгээд олон хүүхэдтэй айл хамаг эд хогшлоо амбаартаа хадгалж таарна. Янз бүрийн шалтгаанаар амбаартаа орох бүрт гурван модон хайрцаг нүдэнд тусна. Ээжээс асууж байгаад хааяа нэг ухна. Заримдаа гуйж байгаад гаргаж ирж үздэг байлаа. Тэр гурван хайрцагт аавын номнууд байсан юм. Яагаад ч юм тэдгээр номнууд миний сонирхлыг ихэд татдаг байсан сан. Одоо бодоход 1990-ээд оны үйл явдалтай гарцаагүй холбогдох номнууд байжээ. Зах зухаас нь хэлэхэд Горбачаевын “Өөрчлөн байгуулалт, шинэ сэтгэлгээ” мөн нэг Монгол зохиолчийн “Зах зээлийн учир начир” гэх мэт номнууд тодхон бууж байна. Мөн аав минь бага ангийн багшийн ажил хийж байсантай холбоотой олон номнууд, хүүхдийн хүмүүжлийн тухай, Сухомлинскийн ишлэлүүд гэх мэт хөвөрнө. Хамгийн гол нь тэр номнууд далд байсан учраас миний сонирхлыг улам ихээр татсан хэрэг л дээ. Гэрт оруулж ирэхээр тоос, шороо их болохоос гадна зай талбай ч бага байснаас болсон биз. Номны анхны шохоорхол минь энэ байлаа. Зарим нэг ном нь одоо ч миний номын санд хадгалагдаж байгаа.
Хоёр дахь нь хурдан хугацаанд уншиж, бичиж сурсантай холбоотой гэж боддог. Ахыгаа үсэг заалгаж байхад дэргэд нь харж байгаад уншаад сурчихсан учраас аав надад хотоос номнууд авчирч өгдөг байсан нь ном гэх сонирхлыг минь улам өдөөсөн санагддаг. Миний одоо ч тод санадаг ногоон хавтастай зузаан номонд жаал хүү аавтайгаа цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалангаа хорвоогийн сонин хачин явдлуудыг танин мэдэж байгаа тухай өгүүлдэг. Тэгэхээр өнөөдөр энэ номыг бичих бүх сэдэл, санаа явж явж аавын минь нөлөөлөл юм.
Гурав дахь нөлөөлөл бол бага ангийн багш Өлзийбаяр маань байлаа. Улаан хацартай, намуухан дуутай, маш цэвэрч нямбай, тайван хүн л дээ. Хүүхдүүдтэй яаж ажиллахаа их сайн мэддэг. Хүүхэд бүрт таарсан “түлхүүр”-ийг нь олохдоо гаргууд. Багш маань бага ангид байхад шүлэг их цээжлүүлдэг байсан санагддаг. Нэг удаа би өвдөөд хэвтсэн юм. Ер нь багадаа их өвдөмтгий хүүхэд байсан санагдана. Өвдчихсөн хэвтэж байхдаа тухайн өдрийн цээжлүүлж магадгүй гэсэн шүлгийг цээжилчихээд маргааш нь хичээлдээ очоод уншсан чинь багш надаар их бахархаж билээ. Нүүр дүүрэн инээмсэглээд, та нар Оргил шиг байвал хаана ч газардахгүй шүү гэж хэлснийг нь тод санадаг юм. Одоо бодоход надад урмын үг их хэлдэг байж дээ. Даанч багш маань 5 дугаар ангид байхад өөд болсон. Одоо эргээд бодоход ном бичих сэдэл тэр үед төрсөн юм. Хорин жилийн өмнө гэсэн үг л дээ.
Хөгжлийн онолын тухайд 1980-аад оны дунд үед төрсөн манай үеийнхэн бол бас л завсрын үеийнхэн. Өөрөөр хэлбэл коммунист нийгмийн зах зухаас гадарладаг боловч сайн мэдэхгүй. Гэхдээ өссөн орчин хэлбэр нь ардчилсан, агуулга нь коммунист байсан. Анх намайг хөдөөний сургуулийн нэгдүгээр ангид ороход бүх хүүхдүүдийг адилхан форм өмсөхийг шаардахаас гадна, яг адилхан алхаж, гишгэж суухыг шаарддаг байлаа. Бүр багшаас асуулт асуухад хүртэл нэг техникээр гараа өргөхийг шаарддаг тийм л үе байсан. Тухайн үед улс төр хурцаар өрнөдөг байв. Мэдээж хямралын үед улс төр бол бараг л хүн бүрийн ажил. Хямралын үе нь шилжилт хийж байгаатай холбоотой гэсэн ойлголт нэг хэсэг хугацаанд байсан. 1990-ээд оноос өмнө бол Монгол улсын хөгжил маш тодорхой чиглэлтэй байсан. Тэр нь коммунизмыг байгуулах. Ингэхдээ капитализмыг алгассан гэж бахархана. Өөрөөр хэлбэл Карл Марксын хөгжлийн тухай онолоор бүрэн хязгаарлагдаж байсан. Харин 1990 оны дараагаас хөгжлийн тухай ойлголт нь Ардчилал болж өөрчлөгдсөн боловч сэтгэлгээний хувьд бараг өөрчлөгдөөгүй. Учир нь Ардчиллыг мөн л адил Коммунист онол шиг хэзээ нэг өдөр хүрэх ёстой цэг гэж хардаг хэвээр.
Нөгөө талаас Коммунизмын тухай санаа нь хүний нийгмийн хөгжлийн тухай бүрэн тайлбар хэлж чадаж байсан бол ардчилал нь илүү төр засгаа сонгох, хариуцлага тооцох механизм байлаа. Тиймээс хүмүүс одоог хүртэл төөрөлдсөөр байна. Өнөөдөр хүмүүс хөгжлийн талаар ярих нь тун ч элбэг болсон. Тэгж ярихдаа хөгжлийн гарц юу вэ, хөгжлийн гарцаа олоогүй байна гэж ихэвчлэн ярина. Хөгжил гээч нь аливаа нэг орчихсон зүйлээсээ гарах гарц уу? Хэрэв хөгжлийг ядуурлыг бууруулах гэдэг нүдээр харвал үнэхээр ядуурлын занганаас гарах гарцын тухай яриа байж болох юм.
Монголд өнөөдөр хөгжлийн талаар тодорхой системтэй мэдлэг олгодог газар үнэхээр байхгүй. Тиймээс яг юуг хөгжил гэж үзэх юм бэ, хөгжлийн талаар ямар онол, сургааль, үзэл санаанууд байна вэ гэдэг дээр системтэй мэдлэг олох боломж ховор. Тийм учраас ард иргэд нь, төр засаг нь ч төөрөлдсөн байдалтай байна. Нөгөө талаасаа хөгжлийн тухай санаа нь хязгаарлагдмал байх нь түгээмэл. Жишээ нь монгол яагаад ерөөсөө хөгжихгүй байна вэ гэж асууна. Та лав Монгол улс хөгжлөөрөө барууны орнуудаас 200 жилээр хоцорч байна гэх яриаг олон удаа сонссон байх. Хөгжлийн тухай ярианууд ихэвчлэн эдийн засгийн өсөлт, түүний илрэл болсон барилга байшин, зам, гүүр, өндөр цалин хангамжийн хүрээнд л эргэлдэж байна. 2015 оныг хүртэл би ч бас ингэж боддог байлаа.
Миний тод санаж байгаагаар 2000 оны үед бий болсон гадаадад сурах юмсан гэсэн мөрөөдөл маань 15 жилийн дараа биелэлээ олов. Шинэ Зеландын Засгийн газрын тэтгэлгээр Оакландын их сургуульд суралцах боломж надад олдсон юм. Гэхдээ сургуульд сурах нь л чухал байсан учраас санамсаргүй байдлаар мэргэжлээ сонгосон нь “Хөгжил судлал” гэх мэргэжил байж таарсан. Суралцах хугацаандаа хөгжлийн талаар олон онолуудтай танилцсаны дараа тэдгээр онолуудыг монголчууддаа хүргэх юмсан гэсэн хүсэл төрсөн. Бас хөгжлийн тухай онолуудын талаар блог дээрээ тогтмол бичиж байлаа. Ер нь энэ цаг үед хөгжлийн талаар илүү нухацтай ярилцах, бодох цаг ирсэн гэж бодно. Учир нь 90-ээд оны үед ихэнх нь гэдэс өлсгөлөн байсан. Юуны өмнө ходоодоо дүүргэх нь чухал байсныг бүрэн ойлгож байна. Одоо бол нэг хүнд ногдох ДНБ 4000 гаруй доллар болчихсон буюу харьцангуй боломжийн орлоготой орон болжээ.
Энэхүү номоор би монголчуудад хөгжлийн тухай ямар ямар онолууд байна тэдгээр онолуудын давуу сул талууд гээд тал бүрээс нь танилцуулахыг зорилгоо болгосон юм. Монголын хөрсөнд гэж нэрлэсний учир нь монголд хөгжлийн талаарх ямар санаа нь хэрэгжсэн юм, ямар нь хэрэгжээгүй юм гэдгийг тодруулах зорилго агуулсан боловч гол зорилго биш байсан учраас номын хорин хувийг л эзэлнэ. Энэ номыг нэг талаас нь харвал Шинэ Зеланд улсад хоёр жил нойр хоолоо хасаж суралцсаны үр дүн, юу сурсан мэдсэн бэ гэдгээ тайлагнаж байгаа хэрэг гэж ойлгоход болно. Би заримдаа их гайхаж боддог юм. Бараг монгол хүн бүр улсаа яаж хөгжүүлэх тухай боддог. Энэ бол ховор шинж чанар. Гэхдээ хэрхэн яаж гэдгээ, хөгжил гээч нь чухам юу юм бэ гэдгийг ойлгочихвол тэр бүх бодлууд илүү утга учиртай болно. Энэ ном хөгжлийн тухай олон олон ярианы сэжүүр, олон хүнд хөгжлийн тухай системтэй ойлгоход тусална гэж чинь сэтгэлээсээ итгэж байна.
Эрхэм баян Эрдэм.
Авч уншина аа. Баяр хүргэе дүүд
ReplyDeleteСайн байна уу?
ReplyDeleteБага ангийн найзад баяр хүргэе!!! Номын өмнөтгөл хэсгийг уншиж байхад багын явдал маань санаанд орж, хуучны маш сайхан дурсамжууд сэдэрлээ. Нээрээ л Өлзийбаяр баяр багш маань намуухан дуутай, түмний хүүхдүүдэд ихийг зааж сургах гэсэн чинь хүсэл, сэтгэлтэй мундаг сурган хүмүүжүүлэгч байсан юм. Намайг 2-р ангидаа хот руу шилжихэд миний хүү багшийндаа амьдраад эндээ сурч болдоггүй юм уу? гээд аав ээжээс гуйж байсан нь одоо ч тод санагдаж байна. Ийм сэтгэлтэй багш хүн одоо цагт маш ховор болсон байхаа. Хамгийн сүүлд 5-р ангид байхдаа 1-р эмнэлэгт бие тааруухан хэвтэж байхад нь эргэж очоод сүүлчийн удаа уулзаж билээ.
Багш маань бидэнд эрдэм ном сурах анхны суурийг маш сайн тавьж өгсөн болохоор шавь нар нь одоо манай А.Бат-Оргил шиг мундаг хүмүүс болон төлөвшсөн байхаа.
Найзынхаа цаашдын судалгааны ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!
Хүндэтгэсэн:
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 8-н жилийн дунд сургуулийн Өлзийбаяр багштай 1А ангийн сурагч асан Б.Ганболд
Найздаа маш их баярлалаа. Өлзийбаяр багшдаа үргэлж баярлаж явдаг даа.
ReplyDelete