Шинэ Зеланд орноор #2


Шинэ Зеландын эдийн засаг

Энэ удаа Шинэ Зеландын эдийн засгийг товч танилцуулъя гэж бодлоо. Зарим нэг тоо баримтыг дурдъя. 2015 оны байдлаар ДНБ нь 226.00 сая Шинэ Зеланд доллар, үүнээс нэг хүнд ногдох ДНБ  нь 50.000 орчим Шинэ Зеланд доллар. Монгол улсын нэг хүнд ногдох ДНБ 4100 орчим Америк доллар байдаг. Харьцуулаад харвал нилээн төсөөлөл өгөх байх гэж бодож байна. 2014 оны байдлаар ажилгүйдэл 5.8 хувь,  инфляци нь 2.6 хувь, нийт экспорт нь 64,457 сая доллар, нийт импорт нь 64,137 сая доллар. Эдийн засгийн өсөлтийн хувьд 2014 оны байдлаар жилийн 3.3 хувьтай. Энэ нь OECD-ийн орнууд дотроо хамгийн өндөр үзүүлэлт аж. ДНБ-ийнх нь 63 орчим хувийг үйлчилгээний сектор эзэлдэг. Шинэ Зеланд доллар нь үндэсний мөнгөн тэмдэг. Мөн уг мөнгөн тэмдэгтээр Номхон далайн арлуудад гүйлгээ хийдэг. Татварын хувьд хувь хүний болон аж ахуй нэгжийн орлогын татвар, бараа, үйлчилгээний татвар голлоно. GST буюу бараа, үйлчилгээний татвар нь 15 хувь. Усан цахилгаан станцаас 55.6 хувийн эрчим хүчээ гаргаж авдаг ба цөмийн эрчим хүч ашигладаггүй. 


Хөдөө аж ахуй

Үржил шимтэй хөрс, дээрээс нь орчин үеийн технологи дээр суурилсан хөдөө аж ахуй нь эдийн засгийнх суурь. Хэдийгээр ДНБ-ийн бүтцийг харвал хамгийн чухал салбар биш гэж харагдах боловч олон хүмүүс Шинэ Зеландын харьцангуй давуу тал бол хөдөө аж ахуй гэж үздэг.  Сүү, сүүн бүтээгдэхүүний экспортоор дэлхийд эхний тавд ордог. Дэлхийн банкны мэдээллээр Шинэ Зеландын эдийн засаг ДНБ-ынх нь 30 хувь нь экспортод чиглэсэн. Экспортынх нь гол бүтээгдэхүүн нь мэдээж мах, сүү, ноос, жимс, вино мөн уул уурхайн бүтээгдэхүүнүүд.  Шинэ Зеланд бол 2014 оны байдлаар 30 орчим сая хонь, сүүний чиглэлийн 6.7 сая, махны чиглэлийн 3.7 сая үхэртэй.  

Гадаад худалдаа

Шинэ Зеланд гадаадын шууд хөрөнгө оруулалтад анхаарлаа их хандуулдаг. Импортын гол бүтээгдэхүүнүүд нь машин, тоног төхөөрөмж, онгоц, түлш, электроникс. Австрали, Европын холбоо, Америкийн нэгдсэн улс, Хятад, Өмнөд солонгос, Япон гэх мэт улсуудтай түлхүү худалдаа хийдэг. Австрали улстай эдийн засгийн хувьд маш нягт харилцаатай.  2013 оны байдлаар Австралитай 25.6 тэрбум Шинэ Зеланд долларын худалдаа хийсэн.  2001 оноос хойш Хятад руу экспорт асар хурдтайгаар нэмэгдэж байна. Одоогоор 10 тэрбум америк долларын экспортыг жилдээ хийдэг. Гадаад худалдаанд нь 2008 оны чөлөөт худалдааны гэрээ их ач холбогдолтой байсан гэж үздэг. 

Эдийн засгийн реформ

OECD-ийн орнуудаас сүүлийн 30 жилийн хугацаанд хамгийн их дүрэм, журманд баригдсан эдийн засгаас хамгийн бага дүрэм журамтай орон болсон. Өөрөөр хэлбэл хамгийн чөлөөт зах зээлтэй орнуудын нэг. 1985 оноос 1995 оны хооронд эдийн засгаа либеральчилсан. 1960-аад оноос баялагийн эх үүсвэр болсон Англи улс европын интеграцид нэгдэх болсон, газрын тосны үнийн шок зэргээс болоод Шинэ Зеланд улс эдийн засгийн реформ хийх зайлшгүй шаардлага тулгарсан байна.

1960-аад оны үед эдийн засагт төр маш их оролцдог байсан. Кейнсийн эдийн засгийн онол ёсоор “бүрэн ажил эрхлэлтэд” гол анхаарлаа хандуулж байсан. Мөн эгалитариан нийгэм байгуулахыг зорьж байсан учраас үйлдвэрчний эвлэл хүчтэй болгож, боловсрол, эрүүл мэндийг үнэгүй болгосон. Тухайн үед экспортын гол бүтээгдэхүүн болсон ноосны үнэ 20 хувиар унасан, дараа жил нь мөн дахин 20 хувиар унасан. Тиймээс төрөөс идэвхитэй оролцож ноосыг худалдаж авч агуулахад хадгалж эхэлсэн. 1967 онд мөнгөн тэмдэгт нь 20 хувиар үнэгүйдсэн. Тухайн үеийн сангийн сайд байсан Роберт Мулдоон гэх эр үүнд чухал үүрэгтэй оролцсон байна. 1982 онд сангийн сайд Роберт Мулдоон 12 сарын турш бүх юмний үнийг царцаасан. Үүнийгээ дахин найман сараар сунгав. Бас Шинэ Зеланд долларыг нэг хэсэг  хугацаанд тогтмол ханштай барьж үзсэн. Энэ бодлого нь экспорт, импорт хоёр хоёуланд нь  муугаар нөлөөлөв. Дараа нь засаг солигдож сонгуулиар Хөдөлмөрийн нам олонхи боллоо. Шинэ засаг Шинэ Зеландад хоёр үе шаттай эдийн засгийн реформ хийжээ. 

Нэгдүгээр үе шат:

- Хөдөө аж ахуйн салбарт өгч байсан татаасуудыг зогсоосон.
- Үнийг тогтворжуулах зорилготой мөнгөний бодлогыг өөрчилсөн.
- Олон улсын худалдааны саадыг багасгаж, импортыг хоригуудыг цуцалсан.
- Дотоодын зах зээлийг зохицуулж байсан дүрэм журмуудыг хүчингүй болгосон. 


Хоёрдугаар үе шат:

- Зарим төрийн өмчит компаниудыг хувьчилсан.
- Өрсөлдөөнт хөдөлмөрийн зах зээл бий болгох зорилгоор хөдөлмөрийн шинэ хууль баталсан.
- Нийгмийн халамжуудыг цөөлсөн.

Эдгээр өөрчлөлтүүдийг хийсний үр дүнд 1993 оноос Шинэ Зеландын эдийн засаг сэргэж эхэлсэн. Дунджаар жилийн 6,4 хувийн өсөлт үзүүлж эхэлсэн байна. Гол амжилтуудын нэг нь  инфляфийг бага түвшинд барьж чадсанд гэж үздэг. Ер эдийн засгийн реформын гол санаа нь Шинэ Зеланд бусдаас өөрсдийгөө тусгаарлахгүй гэж шийдсэнд байдаг. Иргэд нь хэдийгээр байнга, олон талаас нь шүүмжилдэг боловч уг эдийн засгийн реформ нь хамгийн тогтвортой жигд өсөлттэй эдийн засгийг бий болгосон. 

Ажиглалт

Шинэ Зеланд бол харьцангуй жижиг эдийн засагтай орон. Гэхдээ том, жижигтэй гол нь биш иргэд нь хэр зэрэг баян амьдарч чадаж байна гэдгээр нь эдийн засгийн хөгжлийг хэмждэг. Академик хүрээнд Шинэ Зеландын эдийн засгийг маш ихээр шүүмжилдэг. Тэр засаг нь хэт либераль бодлого барьж байна, ядуу, баяны ялгаа нэмэгдэж байна, байгаль орчны асуудал нэмэгдэж байна гэх мэтээр. Гэхдээ дотроос нь шүүмжилж байгаа хүмүүс хүрсэн амжилтаа мартчихдаг талтай. Гаднаас ирээд харж буй надад арай өөр дүр зураг харагдана. Миний хувьд их атаархаж харсан зүйл бол дэд бүтэц. Ер нь дэд бүтэц тэр дундаа тээвэр  их сайн хөгжсөн. Арлын орон учраас далайн тээвэр чухал байр суурь эзэлдэг юм билээ. Оокланд хотоос том том ачаа ачсан усан онгоцууд хөдөлнө. Өөр нэг анхаарал татаж буй зүйл бол үйлчилгээний салбар. Манай зарим улс төрчид үйлдвэрлэл хөгжихгүйгээр эдийн засаг хөгжихгүй гэж их ярьдаг. Тэр итгэл дээрээ дөрөөлөөд Сайншандын аж үйлдвэрийн парк гээд том төсөл яриад байгаа. Үйлчилгээний бизнес дээр суурилсан өндөр хөгжсөн эдийн засаг байж болно гэдгийг эндээс харж болно. Бага сага аялаад үзэхэд л аялал жуулчлалаас хэрхэн мөнгө олж чадаж байгаа нь бэлхнээ харагдаж байна билээ.   Шинэ Зеландын эдийн засагт үйлчилгээний сектор нь ДНБ-ын 2/3-ийг эзэлдэг, ажил эрхлэлтийн ¾ мөн эзэлдэг. Үүн дотор банк санхүү, үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ чухал байр суурьтай. Өөр нэг ажиглагдсан зүйл бүтээмжийн асуудал. Технологи дээр суурилсан учраас хөдөө аж ахуй нь илүү бүтээмжтэй ажилладаг. Энд нэг бол техникээр шийд үгүй бол...? гэсэн уриатай ажиллаж байж өрсөлдөхүйц үнэтэй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тухай нэг хөдөө аж ахуйн бизнес эрхэлдэг хүн ярьж байсан. Ер нь тэгээд Монголын мал аж ахуй энэ чигээр зөвхөн хүний хүчинд найдсан хэвээр байвал өөрсдийнхөө ходоодыг баярлуулахаас хэтрэхгүй юм байна даа гэж өөрийн эрхгүй бодогдоно. 

Дэлхийн эдийн засгийн интеграцид бүрэн орсон гэдэг утгаараа дэлхийн эдийн засгийн нөлөө ихтэй гэдэг нь ойлгомжтой. Дэлхийн эдийн засаг бага зэрэг уналтын байдалтай байгаа нь энд ч нөлөөлж л байна. Оюутнуудад цагийн ажил олдоход хүнд байгааг эдийн засаг сайнгүй байгаатай холбоотой гэж хүмүүс ярьж байна. Мэдээж асуудалгүй юм гэж хаа байхав. 

Шинэ Зеланд 2015 оны байдлаар дэлхий дээрх  бизнес эхлэхэд хамгийн хялбар орон. Бизнес эхлүүлэхээс гадна бизнес эрхлэхэд хялбар гэсэн үзүүлэлтээр дэлхийд 2-т явдаг.   Эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээрээ Хон Конг, Сингапурын дараа 3-т.  Товчхондоо бол энэ гурван үзүүлэлт өндөр байхад нэг хүнд ногдох ДНБ нь 50 мянган доллар хүрдэг байх.  Манай улс төрчид, эдийн засагчид дээрх үзүүлэлтүүдэд анхаараасай. Ирэх сонгуулиар дээрх үзүүлэлтүүдийг сайжруулна гэчихвэл хэн хэндээ хэрэгтэй "популизм" болно доо гэж төгсгөлд нь хэлье.   

Ашигласан материалууд:


No comments:

Post a Comment