Засаглал гэх “шидэт” үг

Засаглал гэх үг сүүлийн үед хаа саагүй харагдах болсныг та анзаарсан байх. Ялангуяа ерөнхийлөгчийн засаглал уу, парламентийн засаглал уу гэх мэтгэлцээн эрчимжсэнтэй холбоотойгоор хүн болгон ярих болжээ. Гэхдээ “засаглал” гэх энэ үгийг олон улсын байгууллагууд моодонд оруулсан юм. Хөгжиж буй манайх шиг орны эдийн засаг, улс төрийн хөгжилтэй холбоотой бүхий л асуудлуудад “засаглал” л ганц шийдэл мэт ойлгогдох болжээ. 

Засаглал гэж юу биш вэ?

Монголчууд бид ерөнхийлөгчийн засаглал, парламентийн засаглал гэж их ярьж, мэтгэлцэх болжээ. Тэгэхээр энэ хоёр үгийг англи хэл рүү хөрвүүлвэл presidential governance, parliamentary governance гэж бууна. Улс төр судлалын ямар ч сурах бичгийг нээгээд харсан ийм нэр томъёо байдаггүй. Харин parliamentary system and presidential system буюу парламентийн тогтолцоо, ерөнхийлөгчийн тогтолцоо гэж нэрлэсэн байгааг харах болно. Нэр томъёоны энэ эндүүрлийг манай үндсэн хуулийн эцэг Б.Чимид (2008) “Төр, нам, эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудлууд” номондоо дурдсан байдаг. Б.Чимид гуай парламентийн, ерөнхийлөгчийн гэх нь засаглал хэлбэр биш бөгөөд энэ нь төрийн удирдлагын хэлбэр гэжээ.