"Эхлээд 1000 ном унш, дараа нь 1000 бээр аял."
Хятадын ардын үг
(Нэг хятад танил маань надад энэ үгийг захисан юм)
Семистер дуусч байгаа учраас аялахгүй бол "алдас" болох тул эхнэр бид хоёр Сидней хотоор хэд хоног аялахаар шийдсэн юм. Монголд хамт ажиллаж байсан, найз Майк Рейра маань аялах хүсэлтэйгээ дуулгахад уриалгахан хүлээн авч биднийг хэдэн хоног гэртээ байж болно гэсэн юм. Оюутан хүмүүст буудалд буух мөнгө гэж хаа байхав. Мэдээж үүргэвчтэй аялагчдын очдог газруудад орж болно л доо. Тийм газрууд дуу чимээ хэт ихтэй, бохир байдаг. Шинэ Зеландаас Австралийн вийз авахад гайгүй юм билээ. Бараг ажлын 7 хоногт гарчихсан байх аа. Их л хурдан шийдэгдчихсэн. Ойр зуурын хувцас, мишокоо бэлдээд мордлоо. Айлд байх учраас аль болох төвөг удахгүй байх үүднээс мишоктой очсон нь хэрэг болсон. Гуравхан цагийн нислэг ч юу байхав. Хурдан өнгөрнө. Харин нисэхээс өмнө их бороотой байна гэж сонссон учраас нислэг хойшлогдох вий гэж жоохон санаа зовж байсан. Харин азаар хойшилсонгүй. Онгоцноос буухад Сидней бас л биднийг бороотой угтлаа. Сидней нисэх онгоцны буудал Оокландынхыг бодвол хамаагүй том боловч хяналт, шалгалт нь бага юм билээ. Оокланд шиг цүнх, сав нарийн шалгасангүй. Ийнхүү яг 30 насны төрсөн өдрөөрөө Сиднейд газардлаа. Майк биднийг бор өнгийн Монгол хантааз өмсчихсөн угтлаа. Uber гэдэг гар утасны аппликейшнээр такси захиалчихаж. Тэднийх онгоцны буудлаас 30 минут хүрэхгүй газар байрладаг. Ер нь Сиднейн төв рүүгээ бололтой. 4 залуу нийлж нэг хаус түрээслэдэг юм байна. Майк биднийг өөрийнхөө орон дээр унтуулаад өөрөө буйдан дээрээ хэд хоног унтахаар болов. Хүний орон дээр унтахад жоохон эвгүй. Нэг л буруутай ч юм шиг санагдаад...Монголд байхад нь хөдөө, гадаа дагуулж явдаг байж гэж бодогдоод..