Шинэ Зеланд орноор #4

"Киви" нарын тухайд

Үндэстний онцлог (national identity) гэдэг бол тухайн орны иргэдийн бусадтай харьцуулсан онцлог чанарууд, өвөрмөц байдал. Мэдээж тухайн орны бүх хүнийг нийтэд нь "тийм" гээд тодорхойлчих боломжгүй гэдэг нь ойлгомжтой байх. Нэг талаасаа энэ нь байнга тогтвортой байдаг, байх ёстой зүйл биш. "Nz Herald" сонинд бичсэн 2014 оны судалгаагаар Шинэ Зеландуудын өөрсдийгөө тодорхойлдог хамгийн чухал чанарууд нь 1-т нөхөрсөг, 2-т "чадна" гэсэн хандлага, 3-т бардам зан гэсэн байна. 


Соёлын хувьд ерөнхийдөө Полинезиуд буюу Маоричуудын соёл, Англи (Европ) соёлын холимог гэж нэг талаас нь харж болмоор. Гэхдээ ажиглаад байхад бас ч яг уусчихсан юм байхгүй.  Ер нь маори нар тусдаа "коммунити" үүсгэж амьдардаг ба гэр бүл болохдоо ихэвчлэн Маори хүнтэйгээ суух жишээтэй.  

Хэлний хувьд "Бритиш" англи хэлтэй. Киви дуудлага гээд бага зэргийн ялгаатай үгнүүд байдаг. Гэхдээ Австралийн "Оози" аялагын дэргэд бол бараг ялгаа биш. Харин Маори хэлний тухайд бол шал өмнөө хэл гэдэг нь ойлгомжтой байх. Манай ангийн зарим киви оюутнууд Маори хэл сурах хүсэлтэй тухайгаа ярьж байсан. Ихэнхи нь ойр зуурын л үгтэй. Киа Ора - Сайна уу гэх мэт. Чухал шаардлага байхгүй болохоор сурдаггүй биз.

Дараагийн нэг чухал элемент бол хөдөө аж ахуйн орон. Хэдийгээр дийлэнхи олонхи нь хотод амьдардаг, хотжих үйл явц эрчимтэй өрнөж буй боловч Хөдөө аж ахуйн орон гэсэн сэтгэхүй хадгалагдсаар байдаг. Энэ тухай судалгаа хийж буй антропологийн оюутан ярьж байсан. Шинэ Зеланд хүн гэдэг имиж бол одоо хүртэл фермд ажилладаг, шорт, майк, бүрх малгай өмссөн дүр гэж. 

Шашны хувьд санал асуулгаар бараг 50 хувь нь Христич гэж өөрсдийгөө хэлдэг боловч яг үнэндээ тийм шашинлаг хүмүүс биш гэж нэг Шинэ Зеланд эмэгтэй ярьж байсан. Түүнийхээр 8-9 хувь нь сүмд очдог, шашны зан үйлийг гүйцэтгэдэг. Мэдээж Маори нарын хувьд бол өөр. Тэдэнд өөрсдийн шашин, зан үйл нь маш чухал. Маори нар газар дэлхий шүтдэг. "Газар эх" гэсэн ойлголттой. 

Киви нарын гол бахархал нь газар нутаг нь гэдгийг Шинэ Зеландын тухай нилээн олон ном номын санд шүүрдэж суухдаа ойлгосон. Хүний гар хүрээгүй, онгон дагшин байгалиараа бахархдаг. Үүнийгээ ч албан ёсоор өөрсдийнхөө танилцуулга видео зэрэгтээ ашиглаж, гол давуу тал болгож харуулдаг. Шинэ Зеланд бол "100 хувь цэвэр" гэсэн бренд имижийг гаргахыг зорьдог. Үүнээс гадна өндөр технологийн орон гэсэн имижийг төр засаг нь харуулах хүсэлтэй. 

Дундаж Шинэ Зеланд айл хауст амьдарна. Хаусаа тойруулаад, мөн дотор нь гоё гоё цэцгүүд тарьдаг. Ялангуяа өнгө өнгийн сарнайнууд нь өөрийн эрхгүй нүд булаана. Ер нь бол нэг айл хоёроос гурван хүүхэдтэй, хоёроос гурван машинтай гэж сонссон (Албан ёсны тоог нь лавласангүй). Ер нь миний орж үзсэн айлууд ч тэр, хүмүүсийнх нь яриагаар ч тэр эд хогшил ихтэй. Энэ ч нийтлэг үзэгдэл байх л даа. Унадаг дугуй гэхэд нэг хүнд хэд ч байдаг юм бүү мэд.  Манай нэг найз лав дөрөвтэй байсан. Намайг хуучин дугуй авах гээд харж байхад хэт олон дугуйтай болчихлоо тиймээс зарим нэгийг зарах хэрэгтэй байна гэсэн хүмүүстэй таарсан. Дугуйг нь үзэх гээд очихоор үнэхээр ч олон байхаас гадна, эд хогшил ямар ихтэй болох нь харагдаж байсан. Хөршийн холбооны сайтаас бас харж байхад  ч ижил дүр зураг харагдана. Тэнд жишээ нь нэг эмэгтэй нөхрийнхөө гуталнуудаас зарж байна гээд бараг 100- аад яг нэг загварын гэхдээ бага зэрэг ялгаатай гутлууд гэртээ тавьчихсан зарж байсан. 

Манай нэг профессор Шинэ Зеландууд хоол муутай гэж гомдоллож байна лээ. Өөрөө Герман хүн л дээ. Хараад байхад нөгөө л нэг бургер, хотдог, шарсан төмс. Шинэ Зеландууд зуны цагт бол далай эргүүд дээрээ мах, сосеска шарж идэх дуртай. Өдөр цайны цагаар хүмүүс ихэвчлэн гадаа сэндвичээ бариад сууж байх жишээтэй. Бас шарсан загас, шарсан төмсний хослол (fish and chips) түгээмэл. Супермаркетад хүмүүсийн худалдан авалтыг ажиглаад байхад чипс бол бараг хүн болгон авна. Эрүүл мэнддээ их анхаардаг мөртлөө шарсан, хуурсан юм их идээд болдог л юм байхдаа? 

Хувцасны тухайд бол спорт, аялалын хувцаснууд сайтай. Катманду гэдэг брендийн хувцас надад их таалагдаад байгаа. Гол нь биед эвтэйхэн, бороо, салхинаас хамгаалдаг зэрэг нь гол шалгуур байдаг. Стил, имижийн тухайд бол тийм ч сайн биш. Солонгосчууд гэхэд эдний дунд онцгой загварлаг харагддаг. 

Өмнө нь бичсэнчлэн Рагби гэдэг спорт түгээмэл. Рагбигийн хүчирхэг "хака" бол Шинэ Зеландын бас нэг нэрийн хуудас. Түүнээс гадна арлын орон учраас усан спортууд түгээмэл. Завь, тавцан, сөрфинг, кайт боардинг зэрэг залуучуудын дуртай спортууд. 

Миний хувьд нэг жилийн хугацаанд ажигласан зүйлүүд гэвэл ийм байна. Манай Австрид амьдардаг үеэл 10 жил болчихоод Австричуудыг одоо хүртэл сайн ойлгоогүй байна л гэж байсан. Юутай ч нэг зүйл маш тодорхой. Долоо юм уу, арав хоног аялчихаад тухайн орны үзчихнэ, хүмүүсийнх нь талаар ойлгочихно гэж байхгүй юм байна. Наад зах нь 1 жил хэрэгтэй. Мэдээж яаж ажиглахаас хамаарна. Антропологич нар шиг үйл явдалд (participant observation) нь оролцож, системтэйгээр ажиглалт хийхэд бол 1 жил боломжийн хугацаа.   Нутгийн иргэдтэй найз нөхөд болж, гэр оронд очих, цуг ууж идэх, баяр ёслол тэмдэглэх, тоглож наадах зэргээр харилцаж байж тухайн хүмүүс болон соёлын талаар ойлголттой болох юм байна. Надад одоохондоо "participant observation" хийх боломж байхгүй. Өөрт байгаа боломжийнхоо хүрээнд  ажиглахад нэг иймэрхүү дүр зураг байна. 

No comments:

Post a Comment