Бодож сурах нь

Жич: Бодох, сэтгэх гэдэг хоёр өөр ойлголт бий. Миний ажиглалтаар бол бодох гэдэг нь оролт талаас нь, сэтгэх гэдэг нь гаралт талаас нь хэлээд байх шиг. Тиймээс энэ бичлэгт сэтгэх гэдэг үгнээс зориуд зайлсхийсэн болно. 

Өмнөх тэмдэглэл маань бодох тухай санаагаар дууссан. Тэгээд ер нь энэ талаар нэг юм бичвэл яадаг юм бол гэж "бодлоо." Зарим хүмүүс гайхаж магадгүй л дээ. Бодох гэж чи юу яриад байгаа юм бэ? Хүн болгон л боддог ш дээ. Байнга л бодож байдаг биз дээ гэх мэтээр асууж болох юм.



2002 онд нэг сонирхолтой үйл явдал болсон. Эдийн засгийн ухааны Нобелийн шагналыг психологич Данэйл Кахнамен хүртсэн юм. Кахнамен "Зан төлвийн эдийн засгийн ухааны" гол төлөөлөгч гэж хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Түүнийхээр хүний тархи "automatic" буюу автомат хариу үйлдэл үзүүлэх, "deliberative" буюу тухайлан бодох гэсэн хоёр системтэй. Автомат хариу үзүүлэхийг нь идэвхигүй бодох, тухайлан бодохыг нь идэвхитэй бодох ч гэж хоёр ангилж болмоор санагдаад байгаа юм. Хүн бол өдөр тутмын амьдралдаа ихэнхи тохиолдолд нь автомат хариу үйлдэл үзүүлэх байдлаар шийдвэр гаргадаг амьтан аж.

Гэхдээ миний энэ тэмдэглэл бол хоёр дахь хэсгийнх нь тухай л юм. Харамсалтай нь энэ үйлдлийг хүн болгон хийгээд байдаггүйг зохиолч Марк Твэйн ажигласан байдаг. Тэрээр "Хүмүүс долоо хоногт хоёрхон цаг л бодчихдог бол ямар сайхан бэ" гэж хэлсэн удаатай. Твэйнийхээр бол хүмүүс хоёрхон цаг ч боддоггүй байх нь. Ер нь хүний тархинд түмэн янзын санаа, бодлууд янз бүрийн үед орж ирж байдаг. Түүнийгээ би бодож байна гэж андуурах хэрэггүй. Яагаад гэвэл бодно гэдэг бол "тухайлан" цаг хугацаагаа зарцуулж буй хэрэг юм.

Хэрхэн бодох вэ? 

Интернетээс энэ талаар жоохон юм ухлаа. Ер нь их төстэй санаанууд л бичсэн байх юм. Гол нь анализ хийх, рационалиар бодох арга барилыг дурдсан байх юм билээ.  Аливаа зүйлийг ялгаж, салгаж, ангилж, шалгаж, эргэлзэж, өөртөө асуултууд тавьж байгаа бол рационалиар бодож байгаа хэрэг юм ойлгочиход болно. Яагаад, хэрхэн, хэн, юу гэсэн асуултууд бодоход их тус болно. (Ер нь анализ ба синтез гэж хоёр ангилж ч болдог. Анализ гэдэг нь юмийг задлаж, салгаж, ангилах тухай, синтез гэдэг нь нэгтгэж, нийлүүлж, бүхлээр нь харах тухай гэх юм уу даа.) Өөрт байгаа мэдээллүүдээ үнэлэх, цэгцлэх гэдэг бол бас чухал хэсэг нь. Гол нь цаг хугацаагаа зарцуулж, идэвхитэй бодох нь л чухал санагддаг.

Миний хувьд хүмүүсийн боддог хэв маягийг хөндлөнгөөс ажиглах дуртай. Ажиглаж байхад хүмүүс яваандаа нэг хэв маяг өөриймшүүлчихдэг юм билээ. Жишээ нь: Манай нэг багш бол ихэвчлэн ангилах маягаар боддог болохыг хөндлөнгөөс ажиглаж байсан. Нэг танил эдийн засагч ах маань "яагаад" гэдэг асуултаар ихэвчлэн боддог байх жишээтэй. Ярьж байхдаа л "яагаад гээч" гэж байнга хэлнэ. Харин нэг олны танил улстөрч "асуулт бол" гэж дахин дахин хэлдэг. Тэр хүний хувьд гол асуултыг нь олж илрүүлэх, түүндээ хариулах байдлаар боддог байх жишээтэй.

Ер нь бодоход тусладаг хоёр сайн нөхөр бий. Энэ нь унших, бичих хоёр юм. Боддог хүмүүсийг сайн ажиглаарай. Бараг бүгд уншдаг, ихэнхи нь бичдэг байх вий. Уншихийн тухайд бүх хүн мэддэг. Уншихгүй бол бодохгүй гэсэн энгийн дүрэм бий. Бичихийн тухайд бол бодлоо цэгцлэх, бусадтай хуваалцах, солилцох гэдэг утгаараа их ач холбогдолтой санагддаг.

Дараагийн нэг санаж явууштай зүйл бол өөрийн бодолдоо эргэлзэх. Яагаад гэхээр хүний тархи бол "bias"-т (өрөөсгөл хандлага?) автагдахдаа амархан. Энэ тухай "Миний оюун ухаан алдаа гаргахдаа ямар хурдан юм бэ гэдгийг мэдээд би цочирдож билээ" гэж Рене Декарт дуу алдсан байдаг.  Ер нь логикийн түгээмэл алдаануудыг мэддэг байвал зүгээр. Тэмээ, ямаа хоёрыг харьцуулчихаад дүгнэлт гаргачихдаг тохиолдлууд цөөнгүй бий.  Жишээ нь саяхан болсон наадмын үеэр твиттерт нэг залуу наадмаар бөх нь унасан шалтгааныг нутгийнхаа ерөнхий сайдыг огцруулсантай холбоод дүгнэлт гаргасан байхыг харсан. Иймэрхүү алдаа гаргахгүй байхын тулд дахин дахин эргэлзэж бас шалгаж байвал зүгээр санагддаг. Хүмүүстэй ярилцах ч бас үр нөлөөтэй. Мэдээж хэрэг тухайн сэдвээр нь сонирхдог, уншдаг, боддог хүн байх хэрэгтэй.

Нэг удаа алдарт зураач, зохион бүтээгч Леонарда Да Винчигээс та яаж ийм аугаа зүйлийг хийгээд байдаг юм бэ гэж асуусан чинь "Би аливаа зүйлийн талаар 15 минут л боддог" гэж хэлсэн гэдэг. Да Винчигийн үгнээс харах юм бол нэг санааг арван тавхан минут бодно гэдэг нь амаргүй даваа гэдэг нь ойлгомжтой харагдаж байгаа байх. Алдарт Алберт Эйнштэйн бас "Би бол бусдаас нээх өөр хүн биш. Зүгээр л аливаа проблемийг арай л удаан боддог" гэж хэлсэн байдаг. Эйнштэйний тухай баримтат кино үзсэнээ санаж байна. Мань хүн нэг бодоод эхлэвэл цаг, нарыг мартдаг байж.

Миний хувьд бол Эйнштэйн болох зорилго байхгүй. Зүгээр л өөрөө өөрийгөө олж, эзэмшиж буй мэргэжилдээ, амьдралдаа эзэн болж, амьдралынхаа олон асуудлуудыг шийдэхэд бодож сурах л юу юунаас илүүтэйгээр чухал гэж боддог нэгэн. Харин үүнд бол гэрээс сургууль (бас ажил), сургуулиас гэр хүртэл явах тэр хугацаа л яг сайхан тохирдог. За тэгээд зам түгжрэх их хэрэг болно шүү дээ. 

No comments:

Post a Comment