Хууль ба эдийн засаг

Ер нь манайд зарим хүмүүс хөгжлийн гарц гэж ярих дуртай. Уг нь бол энэ томъёолол өөрөө их учир дутагдалтай. Орчин цагт хөгжлийн асуудлыг судалдаг судлаачид бараг бүх зүйл дээр санал нийлдэггүй боловч хөгжил бол өөрөө маш комплекс процесс юм байна гэдэг дээр санал нэгддэг. Тийм ч учраас "хөгжлийн бодлого" гэж ярих ч бас учир дутагдалтай. Учир нь нэг бодлого хэрэгжүүлээд л хөгжчих нь гээд байгаа мэт ойлголтын алдаа энэ үгэнд байдаг. Ер нь хөгжлийн биш бодлого гэж байх уу? Үр дүн нь аливаа юмийг муутгаж байж болох ч бодлого бүрийн л санаа, зорилго бол хөгжүүлэх байх аа.

Хөгжлийн чиглэлээр суралцаад тэр чиглэлийн ном, сурах бичгүүд уншаад эргэцүүлсний эцэст надад тодорхой дүгнэлт, санаанууд төрсөн. Миний бодлоор одоо бол манайд хөгжлийн хамгийн тулгамдсан асуудал бол "хууль" юм байна. Хуулийг боловсруулахаас эхлээд батлах, хэрэгжүүлэх, сайжруулах механизм хүртэл үе шат болгоныг нь дараагийн түвшинд гаргах шаардлагатай санагддаг. 

Манай төр засгийн албан тушаалтнууд ялангуяа өндөр албан тушаалтнууд хуулийг зүгээр л нулимдаг. Хуулийн хориглосон заалтыг сануулсан сэтгүүлчид Н.Алтанхуяг Ерөнхий сайд "Хууль ямар хамаатай юм?" гэж хэлж байлаа (Зөвхөн энэ үг, хандлагынх төлөө Н.Алтанхуягийг дахин улстөрд сонгож болохгүй). Бас нэг сургалт дээр сонссон жишээг хэлье. Хэдэн жилийн өмнө болсон явдал. Тухайн үеийн Ерөнхий сайд агентлагийн даргыг солиод өөрийн хамаатны хүнээ тавьчихаар нь хуучин дарга нь шүүхэд өгсөн. Тэгээд бүх шатны шүүхээр орж гомдол гаргагч ялсан бөгөөд шүүхээс түүнийг буцааж ажилд нь томил гэсэн шийдвэр гарсан боловч томилсонгүй. Маш удсан. Товчхондоо шүүхийн шийдвэрийг нулимав. Тэгээд аргаа бараад дахин шүүхэд хандаж байж буцаж албан тушаалдаа очсон. Гэвч хоёрхон цагийн дараа дахиад халагдчихав. Мөн "наадаж" байгаа биз?

Саяхан болсон нэг кэйсийг сануулъя. Өнгөрсөн намар байхаа баруун бүсийн морин уралдаан болсон. Уг уралдааныг Уяачдын холбооноос зохион байгуулсан бөгөөд уг холбооны тэргүүн нь УИХ дарга М.Энхболд. Гэтэл шүүхээс уг уралдааныг зогсоох шийдвэр гарсан бөгөөд тэд шүүхийн шийдвэрийг тоосонгүй уралдааныг зохион байгуулсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсныхаа төлөө хэн ямар хариуцлага, санкц хүлээснийг хэн ч мэдсэнгүй. Тэгээд л өнгөрөв. Ер нь шүүхийн шийдвэрийг тоохгүй байж болох нь ээ энэ улсад???

Би нэг нефтийн компанид ажиллаж байсан. Манай компани олон компанид зээлээр бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Ер нь бүх л нефтийн компаниуд зээлийн гэрээ хийгээд бүтээгдэхүүний нийлүүлдэг л дээ. Тэндээс маш олон компаниуд гэрээний дагуу хугацаанд нь мөнгөө өгдөггүй. Ингээд мэдээж шүүхэд өгнө. Шүүх шийдэхгүй маш их удна. Анхан шатны шүүх болох гэж хэдэн сар болно. Өмгөөлөгч нь өвдсөн нь л гэнэ. Өмгөөлөгчөө сольсон л гэнэ. Шинэ өмгөөлөгч хэрэгтэйгээ танилцах хугацаа хэрэгтэй л гэнэ. Гэх мэтээр шүүхээр бараг нэг хэрэг хоёр жил болдог. Үүнийг эдийн засгийн талаас нь харвал асар хохиролтой зүйл юм. Хэрэв шүүх хурдан шийдвэрлээд компани мөнгөө хурдан авчихсан бол эргэлтэд оруулаад нэмүү өртөг бүтээх хэдэн тэрбумын боломжууд алдагдаж байгаа юм. 

Энэ бол хууль ба эдийн засаг хоёрын хамаарлыг шууд харуулж байгаа кэйс л дээ. Орчин үед инстүүцийн эдийн засагчид энэ талаар судалдаг. Тэдний хэлж байгаагаар сайн ажилладаг хууль, шүүхийн байгууллага бол эдийн засгийн өсөлт, хөгжилд зайлшгүй чухал. Хууль шүүх нь сайн ажилладаггүй газар солилцооны өртөг (transaction cost) өндөр байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр урьдчилан таамаглах боломжгүй, хууль хэрэгжихгүй гэсэн хүлээлт байгаа учраас солилцоо хийгдэггүй, аль эсвэл удаан хийгддэг. Инстүүцийн эдийн засагч Дуглас Норт "Инстүүц, Инстүүцийн өөрчлөлт, Эдийн засгийн гүйцэтгэл" номондоо (1991) хуулийн инстүүц, шүүхийн шийдвэр хэрэгжих механизм бол уламжлалт эдийн засгаас хөгжсөн эдийн засаг болоход хамгийн чухал алхам гэж бичжээ. Харвардын эдийн засагч Родрик "Нэг эдийн засаг, Олон Жор: Глобалчлал, Инстүүц, Эдийн засгийн өсөлт" (2007) номондоо Хөрөнгө оруулагчидийн өмчийн эрх хамгаалагдсан газар л эдийн засаг баян болох боломжтой гэсэн байдаг. Мөн Монголчуудын танил Перугийн эдийн засагч Эрнандо Де Сото "Өөр зам" номондоо бичихдээ "Хуулийн систем бол аж үйлдвэржсэн, өндөртэй хөгжилтэй орнууд болон аж үйлдвэржиж чадаагүй орнуудын гол ялгаа юм. Үр ашигтай, бүх хүнд хүрдэг хуулийн инстүүцүүд бий болж л байж хөгжил бий болно." гэжээ.

Харин Стэнфордын их сургуулийн профессор Эрик Женсен хуулийн засаглал жирэмслэлттэй адилгүй. Тийм, үгүй гэсэн хоёрхон сонголттой биш гэсэн байдаг. Янз бүрийн түвшингүүд бий. Манайх ч гэсэн тодорхой түвшинд л байгаа. Тэрнээс биш бүр хуульгүй ч орон биш л дээ. Женсен дараах байдлаар ангилсан байдаг. 

1. Анархи - Нийгмийн бүтэц задрах
2. Харгис хууль дүрэм - 1976-79 оны Аргентинд цэргүүд засгийн эрхийг барьж байсан 

 3. Хуулиар засаглах (Rule by Law)
- Хуулийн хэрэглээ ноёрхсон
- Дарангуй
- Найздаа бол бүгдийг, дайсандаа бол хуулийг гэсэн зарчимтай

4. Хуульчлагдсан төр буюу хууль ба дэг журам
- Төрийн бүх эрх мэдэл хуулийн дагуу хэрэгждэг
- Төрийн (нийтийн) үйлчилгээ нь "учир шалтгаанд" үндэслэгдсэн
- Тэгш хэрэгждэг

5. Ардчилсан хуулийн засаглал
- Улс төрийн эрхийг хамгаалдаг, төрийн эрх мэдэлтнүүдийг хязгаарладаг. 
- Хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй, чөлөөт, шударга сонгуультай
- Иргэний эрхийг хамгаалдаг
- Бүх л эрх мэдэлтнүүдийг хариуцлагажуулсан. 

Эндээс харахад Монгол гурав дахь түвшин хавьцаа байгаа болов уу. Өөрөөр хэлбэл "найздаа бол бүгдийг, дайсандаа бол хуулийг гэдэг зарчим" л харагдаад байгаа юм. Үүнийг өөрчлөх ёстой. Гэхдээ яаж? 

1. Хууль боловсруулах
Хууль боловсруулах үйл явц нь хууль хэрэгжих эсэхтэй шууд холбоотой. Де Сото манай өмнөх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой найзууд. Ц.Элбэгдоржийн ярьснаар тэр хоёр нэг онгоцны буудал дээр онгоц хүлээнгээ 4 цаг хуучилсан гэдэг. Эрнандо Де Сато яриа болгондоо л хууль, хууль гээд байхаар Ц.Элбэгдорж "Та хууль л гээд байх юм. Тэр хууль чинь манайд хэрэгждэггүй шдээ" гэтэл Де Сото "тэгэлгүй яахав, танай хууль бол дарга нар гаргасан хууль" гэсэн гэдэг. 

Товчхондоо хуулийг дарга нар боловсруулж болохгүй. Тэнд судлаач, мэргэжилтнүүд нь маш нарийн судалгааг нь хийгээд үндэслэлийг боловсруулах хэрэгтэй. (Мэдээж бүгд л мэддэг) Ийм болоход уг нь хэцүү биш. Их сургуулиудын багш, профессоруудаа л сайн ашиглах хэрэгтэй. Гадны их сургуулиудын багш нарын судалгааг хараад байхаар ихэвчлэн л төрийн захиалгат судалгаа байдаг. Хоёрдугаарт хүмүүсийг л сайн оролцуулах хэрэгтэй. Зарим хууль боловсруулж буй нөхдүүдийг хараад байхад хүмүүс өөрсдөө тоохгүй байна шдээ гээд хаячихдаг. Тэр хуулинд хүмүүс оролцохгүй байна гэдэг бол тэр хууль одоохондоо хэрэггүй л гэсэн үг. 

2. Хууль батлах 

Хууль батлахад харин манай дарга нар (УИХ гишүүд) орох ёстой. Одоо байгаа асуудал бол тэд ямар нэгэн хууль батласныхаа төлөө хариуцлага хүлээдэг механизм байхгүй учраас үнэндээ тоодоггүй. Зүгээр л өмнөөсөө өөр нэг хүнээр кнопоо даруулаад л гүйцээ. Уг нь бид тэднийг өөрсдөөр нь кноп даруулах гэж сонгосон юм. Энд манай сэтгүүл зүй ажлаа хийх шаардлагатай байгаа юм. Гишүүдийг дарсан кноп, бас дараагүй кноп болгоных нь төлөө хариуцлага нэхдэг болох ёстой. Тэр үед л манай гишүүд хуулийн төслөө уншдаг болно. Миний сайн мэдэж байгаагаар олонхи гишүүд үнэндээ хуулийн төслөө ч уншдаггүй. Тэд бичиг үсэг тайлагдаагүй ч байж тун магадгүй. Хэрэв тийм бол ордонд "Цагаан толгой" зааж, үсэглэлийн баяр хийх хэрэг гарах байх. 

3. Хуулийг хэрэгжүүлэх 

Хуулийг хэрэгжүүлэх тал дээр би Х.Тэмүүжиний ярьж байсан 2 санаатай санал нэгддэг. Нэгт хуулийг хэрэгжүүлнэ, хуулийн дор амьдарна гэдэг бол соёл. Тиймээс бага анги, цэцэрлэгийн наснаас л хуулийн дагуу л явах ёстой гэсэн програмчлал хэрэгтэй. Монголчууд аль нэг байгууллагад ороод үйлчилгээ авахдаа энэ байгууллагын хуулийн дагуух үүрэг нь юу вэ гэж харахаас илүүтэйгээр энэ байгууллагад таньдаг хүн хэн билээ гэж хардаг (Х.Тэмүүжин, 2014). Хоёрдугаарт хуульд өөрт нь хэрэгжүүлэх механизмыг хангалттай суулгахгүй байна. Х.Тэмүүжиний ярьснаар манай хууль германы хуулиас гурав дахин нимгэн байдаг. Манай хуульд процессыг нарийн суулгаж чаддаггүй. Дараа нь тэр дутууг нь нөхөх гээд сайд нар, дарга нар "журам" гээд юм гаргачихдаг. Тэгэхээр товчхондоо эрх мэдэл бидний сонгосон УИХ-д биш, харин бидний сонгоогүй дарга нарын гарт байдаг. 

Хууль, хуулийн засаглалгүйгээр үнэндээ хөгжлийг ч, эрх чөлөөг ч ярих боломжгүй. Эрх чөлөөний хамгийн хүчтэй хамгаалагч нар болох либертариуд хүртэл хуулийг хүлээн зөвшөөрөхөөр барахгүй зайлшгүй шаардлагатай гэж үздэг гэдгийг энд дуулгая. Жишээ нь Ф.А.Хаяк "Либералууд үр нөлөөтэй өрсөлдөөн бий болгохын тулд сайтар бодож боловсруулсан хуулийн систем хэрэгтэй гэдгийг огт үгүйсгэдэггүй, харин ч хэрэгтэй гэж цохон тэмдэглэдэг бөгөөд одоогийн хууль тогтоомж, урьдын хууль тогтоомжийн аль аль нь энэ талаар төгс төгөлдөр болох өдий байна (Боолчлогдох зам, 37-р тал)." гэж хэлсэн байдаг.

Мөн орчин цагт судлаачид неолиберализмын эцэг гэж гоочлох дуртай Милтон Фридман ингэж хэлсэн байдаг. "Би пост-коммунист буюу шилжиж буй орнуудад "хувьчлал, хувьчлал, хувьчлал" гэсэн гуравхан зөвлөгөө өгдөг байсан. Одоо эргээд харахад миний буруу байжээ. "Хууль" гэсэн зөвлөгөө л өгөх ёстой байж". 

Хөгжлийн гарц гэж байхгүй ээ. Харин хөгжихөд саад болж зүйлүүд, зайлшгүй шаардлагатай зүйлүүд байна. Юун түрүүнд бидэнд хууль, хууль, бас хууль хэрэгтэй байна. 

Саяхан хэвлэлийнхний дунд бодлого захиалъя гээд тренд яваад байсан бил үү? 

Энэ улсад "хууль" захиалж болох уу? Зөөгч өө...!!!?

1 comment: