Энэтхэгээр аялсан тэмдэглэл

Энэтхэгээр явсан тэмдэглэлээ бичье гэвч амжихгүй удчихлаа. Би аяллын тэмдэглэлийг заавал хөтөлж байя гэж боддог юм. Тэмдэглэл хөтлөхгүй бол аялал өөрөө утгагүй ч юм шиг санагддаг. Яг л зураг авахгүй аялахтай адилхан юм даа. 

Ажлын шугамаар сургалтад суунгаа Энэтхэгийн Мумбайгаар аялах боломж олдсон юм. Энэтхэгийн виз авахын тулд эхлээд онлайнаар анкет бөглөдөг юм билээ. Тэгээд материалуудаа  аваачиж өгөөд хальт ярилцлага хийгээд хэд хоногийн дараа ирж аваарай гэв. Уг нь вэб дээр ажлын 4 хоног гэсэн байсан боловч 2 долоо хоногийн гарна гэлээ. Ер нь Энэтхэгийн элчин дээр виз авах хүсэлтэй монголчууд олон байна лээ. Ялангуяа манай лам нар Энэтхэг рүү олноороо очиж сургалтад суудаг гэнэ. 


Нийтдээ 7 хонохоор төлөвлөсөн бөгөөд үүний 3 хоногт нь сургалтад суухаар мордлоо. Очихдоо эхний өдрөө буух буудлаа захиж амжаагүй юм. Анкит гэдэг энэтхэг найзаараа дамжуулж холбогдсон залуугаас гуйчихаад онгоцонд суучихлаа. Очоод учир нь олдох байх гэж бодоод. Энэтхэг рүү Бээжин, Хонг Конг, Сөүлээр дамжиж явах боломжтой. Харин би Бээжингээр явахаар боллоо. Хамгийн хямд билет учраас Бээжингийн онгоцны буудал дээр дараагийн нислэг хүртэл 9 цаг хүлээв. Энэ хугацаандаа Киндл дээрээ ном уншаад хэвтчихлээ.

Би Түвдэн Жамбаа (Thupten Jinpa) гэдэг хүний бичсэн A Fearless Heart гэх номыг уншсан. Түвдэн Жамбаа бол маш сонирхолтой нэгэн. Далай ламын орчуулагч, хэлмэрч тэрээр Кэмбрижэд баклавр, доктороо хамгаалсан. Одоо Стэнфордын их сургуулийн судлаач. Түүний номноос нэгэн сонирхолтой түүхийг хуваалцая. Түүнийг өмнөд Энэтхэгт буддын шашны сургуульд суралцаж байхад нь нэг өдөр авга ах нь залгаад эмээ чинь Непалд ирсэн чамтай уулзмаар байна гэж. Өмнөд Энэтхэгээс Непал маш холоос гадна шалгалтад бэлдээд завгүй байсан учраас шууд л татгалзсан гэнэ. Бас амьдралдаа өмнө нь уулзаж байгаагүй хүнтэй тэр хол очиж уулзах ямар ч ач холбогдолгүй санагдаж л дээ. Нагац ах нь хичнээн гуйсан ч зөвшөөрсөнгүй. Харин багш нь шууд яв гэж тулгасан учраас аргагүйн эрхэнд эмээтэйгээ уулзахаар хол замыг вагоноор туулахаар болов. 

Түвдэнгийн аав ээж хоёр нь багад нь Төвдээс дүрвэсэн бөгөөд Энэтхэг очоод удалгүй ээж нь насбарсан. Харин Төвдөд үлдсэн эмээ нь охиноо насбарсныг мэдэлгүй явж. Нас хэдий өндөр болсон ч ануухан харагддаг, ер бусын тайван эмэгтэй угтаж авч. Өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй ч эмээ нь уулзаад хязгааргүй их баярлав. Эмээтэйгээ хэд хоночихоод буцах болоход нь эмээ нь хацрыг чимхэж байгаад, нүд рүү хараад "Be kind, Be Happy" гэж хэлж. Түвдэнгийн хувьд энэ аялал хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдээж. Үүнийг уншиж байхдаа би ерөөсөө хүний аз жаргал гэдэг уг нь ийм энгийн зүйл юм байна гэдгийг ухаарсан. Зүгээр л хүмүүст сайхан ханд, тэгээд л чи өөрөө аз жаргалтай амьдрах болно. Тийм биш гэж үү?

Бээжингээс Мумбай орох онгоцонд суулаа. Миний хажууд суух байсан нэг хүнтэй суудлаа сольсон гээд нэг Энэтхэг залуу суув. Банала гэх энэ залуу Пүнэ хотод амьдардаг гэнэ. Урт нислэг учир буу халж нилээд сайн танилцав. Тэгээд нэгэнт Мумбайд эхний өдөр байрлах газаргүй юм чин шууд манайд оч гэдэг санал тавив. Нүдэнд дулаахан хүн санагдсан учраас шууд зөвшөөрөөд явахаар болов. Мумбайн нисэх буудал дээр буугаад тэндээс такси хөлслөөд  хурдны замаар Пүнэ рүү давхилаа. Хурдны зам нь тааруухан. Замдаа нэг газар бууж энэтхэг цай (чай) уугаад цаашаа хөдлөв. Пүнэг жижиг хот гэж хэлж байсан ч манай Улаанбаатараас хамаагүй том хот бололтой. Пүнэд очоод таксинд суусан эхний хүнээ гэрт нь буулгаж өглөө. Тэгээд Баналагийн гэр рүү очих гэж хот дотор бүтэн хоёр цаг явав. Үүрээр очсон учраас ямар ч түгжрээгүй байхад удаж байгааг ихэд гайхав. Жоохон айдас ч төрөх шиг. Шал танихгүй хүнийг дагаад явж байгаагаа гэнэт санав. Гэрт нь очтол ээж, аав, эхнэртэйгээ амьдардаг юм байна. Америкаас ахынх хүүхэд нь амралтаараа ирчсэн байв. Ээж, аав нь надад холоос ирсэн өөрийн хүү шигээ сайхан хандаж байв. Яг монголжуу маягийн гурван өрөө байранд амьдардаг юм байна. Гол ялгаа нь гурван угаалгын өрөөтэй. Цөөн хэдэн тавилгатай айл. 

Хоол идсэний дараа намайг шууд өөрсдийнхөө орон дээр унтаж амар гэлээ. Тэгээд дараа нь хоттой танилцуулъя гэв. Бүтэн өдрөөр нь хөлсөлдөг такси дуудаад Пүнэ хотоор явав. Ер нь маш их хүнтэй, дээрээс нь бохир, хаа саагүй хог хийснэ. Машины зам дээр үнэндээ манайхаас долоон дор нөхцөл байдал тэнд байна. Машин, мотоцикл, түк түк, хүмүүс, нохой, үхэр зам дээрээ цуг бэлчиж байх юм. Нэг удаа яг зам хөндлөн арай гэж гарах гэтэл нэг нөхөр урсгал сөрөөд орж ирэв. Амь өрссөн амьдрал гэмээр ч гэм юм уу. 

Хамгийн түрүүнд Махатма Гандигийн гэрийн хорионд байсан газар буюу гэр музьег нь үзэв. Тэгээд дараа нь Хиндү сүмээр орж, энэтхэг амттан идэв. Ер нь Хиндү шашин бол хамгийн эртний шашнуудын нэг бөгөөд Буддын шашны эцэг гэхэд болно. Багават Гита гэх ном бол Хиндү шашны библи юм билээ. Дараа нь хотоор нилээд явав. Мэдээж дэлгүүрүүдээр ч орсон. Баян, ядуугийн ялгаа ихтэй гэдэг нь дэлгүүрт л их амархан харагддаг юм билээ. Нэг бол хэт үнэтэй бараанууд, аль эсвэл маш хямд, чанаргүй бараанууд. Банала надад Энэтхэг бүх юмаа өөрсдөө үйлдвэрлэдэг, ганцхан нефть л Арабын орнуудаас авдаг гэж хуучлав. Баналагийн ачаар Пүнэ хоттой сайхан танилцаад авчирсан сувинеруудаа бэлэглэчихээд Мумбай руу буцав. Энэтхэгчүүдийг бүгд англи хэлтэй гэж эндүүрч явснаа ойлгов. Таксины жолоочтой англиар ойлголцож чадсангүй. Ер нь Энэтхэг албан ёсны 22 хэлтэй гэсэн. 

Мумбайд ирээд буудалдаа буугаад хэд хоног сургалтандаа суув. Энэтхэгийг бид хоолоор нь сайн мэднэ. Тэдний хоолны соёлыг бахархахгүй байхын аргагүй. Дэлхийн улс орнуудыг хоолны соёлоор нь ангилж болдог бол хамгийн шилдгүүдийн нэг нь Энэтхэг байх аа. Thumbs up гээд нэг кола маягийн ундаанд нь хүртэл карри амтагдана. Би азаар цаг агаар нь хэт халаагүй таатай үед нь очиж таарсан учраас гадуур нилээд алхав. Зарим өдөр нь бүр хорин хэдэн км алхсан байсан. Миний утасны алхаа тоологчын мэдээллэснээр шүү. 

Мумбай хот Английн колони байсантай нь холбоотойгоор европ загварын маш гоё уран барилгуудтай. Ялангуяа Мумбайн их сургууль үнэхээр гайхалтай. Даанч дотор нь оруулсангүй. Ер нь Мумбайд, Пүнэд ч тэр гудамжаар алхах маш төвөгтэй. Явган хүний зам бараг байхгүй. Харин явган хүний зам байх ёстой газар нь хүмүүс хөнжил, гудсаа дэвсээд унтаж байх юм. Бас нэг сонин зүйл бол Энэтхэгт гудамжны үхэр гэж байдаг юм байна. Үхрийн мах иддэггүй учраас сүү гарахгүй болохоор нь гудамжинд орхичихдог гэсэн. Хоолны газрууд, ресторанууд нь ерөнхийдөө л бохирдуу. Гэхдээ мэдээж хоол маш сайтай. Манайд ресторануудад бараг бүх үндэстний хоол байдаг бол тэнд ихэнх нь Энэтхэг хоол байх юм. Надад доса л хамгийн их таалагдсан. Моллууд нь их тансаг бас хэт үнэтэй байсан учраас бараг юм авч чадаагүй. Харин нэг гайхалтай юм нь супермаркет, архины дэлгүүр (liquor shop) их ховор санагдсан. Супермаркет хайж нилээд яваад олохгүй жижиг дэлгүүрээс бага сага хүнсний юм авсан. Харин ганц пиво авч уух гээд чадаагүй.

Номын дэлгүүр хайж байгаад "Ард түмний номын дэлгүүр" нэртээ номын дэлгүүр оллоо. Тэнд Карл Маркс, Ленин, Троцки нарын тухай болон тэдний бүтээлүүд байв. Цаашаа хайж байгаад нэг дэлгүүр олсон. Тэндээс Буддын шашны их мастер Нагаржунайн тухай ном олж авав. Харин Мумбайн орчин үеийн галерей үзсэн. Хуучин социалист үетэй нь холбоотой хэдэн уран зураг, баримлууд. Ер нь Манайд социализмын үед Жавхарал Неругийн тухай ном их түгээмэл байсан. Би гайхдаг байсан л даа. Социалист удирдагч байсан учраас аргагүй юм билээ.  Дараа нь Шри Ланк, Непал, Малайзаас ирсэн гурван залуутай нийлээд Элапанта гэх арал дээр очив. Энд маш том том агуйнууд байх бөгөөд дотор нь Буддагийн болон Хиндү мастеруудын том том баримлууд байх аж. Энэ агуйнуудад лам нар олон жилийн бясалгал (retreat) хийдэг байж.

Энэтхэгт очоод төсөөлж байснаас илүү цочирдсон зүйл бол ядуу хүмүүс байсан. Бүр захын ядуу дүүргийн хажуугаар өнгөрөхдөө жинхэнэ ядуу хүмүүсийг олж харсан. Монголд ядуу хүмүүс байдаг ч тийм хэмжээнд очитлоо ядуурдаггүй. Тэр хүмүүс харамсалтай яаж ч хичээгээд ядуурлаас гарах бараг боломжгүй гэдгийг цуг явсан нөхөд хүлээн зөвшөөрч байлаа. Ер нь ядуу хүн бол залхуу учраас ядуу байгаа юм биш занганд орчихсон байгаа юм гэдгийг л ойлгож болох жинхэнэ жишээ бол тэд юм даа. Хамгийн наад зах нь эдгээр хүмүүс ихэнх нь бичиг үсэг тайлагдаагүй. Ер нь энэтхэгийн хүний амын 30 хувь нь  бичиг үсэг тайлагдаагүй. 

Миний хувьд хаана ч очсон хэдэн зарчим баримталдаг юм. Ер нь хүн аялахдаа жуулчдын очдог газруудаар л очоод өнгөрвөл тухайн орны талаар сайн мэдэж чадахгүй. Жуулчдад зориулаад хийсвэр орчнуудыг бий болгочихсон байдаг юм. Яг л манай Тэрэлж шиг. Хэрэв гадаад хүн Тэрэлжид ирчихээд Монголын хөдөөг, нүүдэлчдийн амьдралыг үзчихлээ гэвэл түүн шиг том эндүүрэл байхгүй. Тухайн орныг сайн мэдэхийн тулд нийтийн тээврээр явах, захын хорооллын гудамжуудаар нь явах хэрэгтэй. Бас хамгийн гол нь нутгийн айлд орж үзэж, нутгийн индиануудтай пиво ууж, амьдрал, улс төр, эдийн засгийг нь хуучилж тухайн хүмүүсийн талаар илүү мэдээлэл авдаг. Энэ дүрэм Энэтхэгээр явахад ч амжилттай үйлчлэв. Энэтхэгчүүдийн гэр бүл, гэрлэлт, бэлэвсэн хүмүүсийн тухай олон сонин зүйл олж мэдсэн. Гэхдээ ямар ч аялалд төлөвлөлт л хамгийн чухал байдаг. Би төлөвлөж л сайн чадахгүй байгаа юм даа.

No comments:

Post a Comment